Спортыг нийтийн өмч болгох хэрэгцээ

Спортын бүтээн байгуулалтын нийт зардал “Богд Зонхов”-ын төсөвтэй тэнцүү шахам байна

Биеийн тамир, спортын салбарын үүслийг цэрэг дайны үйл хэрэг, уламжлалт спорттой холбовол монголчууд спортын хэдэн мянган жилийн баялаг уламжлалтай ард түмэн. Харин орчин цагийн спортыг хөгжүүлэх бодлого хэрэгжээд 100 жилийн нүүр үзэж байна. Улстай чацуу энэ салбарын байдлыг ажиглаад үзэхээр өнгөрсөн 100 жилд дэд бүтцээ хангалттай бий болгож чадаагүй, сүүлийн жилүүдэд эрчимтэй бүтээн байгуулалт хийж байгаа ч өмнөх хоцрогдлоо бага, багаар нөхөхөөс хэтрэхгүй байгаа байдал харагдана. Өөрөөр хэлбэл, авто зам, боловсролтой адил спортын дэд бүтэц барьж байгуулах хурд нь хүн амын өсөлтөө гүйцэхгүй хэвээрээ л байна.

Монгол Улс 2021 оны төсөвт спортын барилга байгууламж барих чиглэлээр 33.7 тэрбум төгрөг суужээ. Энэ мөнгөөр нийслэлийн зургаан дүүрэг, 11 аймгийн 24 суманд нийтдээ спортын цогцолбор, биеийн тамирын заалын барилгын ажил эхлүүлсэн байна. Харин 2022 оны төсөвт 77.42 тэрбум төгрөг зарцуулахаас шинээр эхлүүлэх бүтээн байгуулалтын зардал 32 тэрбум. Дархан-Уул аймгийн Дархан сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт баригдах өвлийн спортын ордон, Говьсүмбэр, Дундговь, Сонгинохайрхан дүүрэгт баригдах усан спортын цогцолбор, өөр долоон аймгийн есөн сум, нийслэлийн хоёр дүүрэгт баригдах спорт заалны барилга эхлүүлэх мөнгө энэ 32 тэрбум дотор яваа. Нийт 16 барилга байгууламжийн тав нь тухайн жилдээ ашиглалтад орох тооцоотой. Спортын салбарт жилд шинээр эхлүүлж байгаа барилгын төсөвт өртөг шүүмжлэлээс болоод төсөв нь царцаагдсан “Богд Зонхова” хөшөөт цогцолборын төсөвтэй дүйсэн гэсэн үг. Жилд 70-80 мянган хүүхэд төрж байхад 16 спортын байгууламж ашиглалтад ордог гэсэн үг юм. Бүхэл бүтэн салбарын нэг жилийн бүтээн байгуулалт ганц бурхны хөшөөтэй дүйж байна гэдэг чамлалттай ч спортын салбарынхан хаа очиж “Төрд зүтгэж байж төрдөө гомдоод яах вэ” гэсэн сэтгэхүйгээр ажилдаа ханддаг хүмүүс.

Дэд бүтцийн салбарт ийнхүү бүтээн байгуулалт өрнөж байгаа нь сайн ч шүүмжлэх асуудал бий. Биеийн тамир спортын салбар 2017 онд Үндэсний статистикийн хороотой хамтран Биеийн тамир, спортын улсын нэг удаагийн үзлэг, тооллогыг зохион байгуулж, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх заал талбайн хүртээмж, ашиглалт, барилга байгууламжийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, цол, зэрэгтэй тамирчид, шүүгч, дасгалжуулагчдын мэдээллийг гаргасан байдаг. Шинээр өрнөж буй бүтээн байгуулалтууд энэ суурь судалгаатай уялдаж байгаа эсэх нь бүрхэг. 2022 оны төсөвт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум усан бассейнтай байтал дахин нэгийг барих 3.5 тэрбум төгрөг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад суусан байсан нь ийм эргэлзээ төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, салбарын бүтээн байгуулалт тооцоо судалгаагүй өрнөдөг, нөлөө, хөөцөлдлөгөөтэй дарга “мөнгө цохих”-ын тулд урдаа барьдаг хэрэгсэл болсон юм биш биз гэсэн болгоомжлол төрж байна. Чанарын асуудлыг ч орхиж болохгүй. Энд бас нэг санаа хэлэхэд, сумын спорт заалны барилгыг шавхийсэн нэг зураг төслөөр барьж төсөв хэмнэж болмоор.

“Ачаа”-гаа хөнгөлөх шаардлага

Төрөөс спортыг санхүүжүүлж байгаа одоогийн арга хэлбэр нь дандаа өөртөө ачаа нэмсэн агуулгатай. Олимпын өмнөх жилд 20 гаруй тэрбум төгрөг хүсэхэд талыг нь хассан гэж сонсогдсон. Энэ жил 20 орчим тэрбум төгрөг тавиулснаа “Токио”-гийн олимп гэхэд бүрэн зарцуулчихаад чөлөөтийн тамирчид замын зардалгүй болчихлоо гэж хэл ам хийснийг санаж байна. Дээрхээс жишээлээд олимпын жил 20 гаруй, өмнөх гурван жилд нь 10 гаруй тэрбум, нийтдээ 60 тэрбумыг нэг олимпын мөчлөгт зарцуулдаг гэж үзвэл олимпын нэг медаль 15 тэрбум төгрөгөөр “босч” байна гэсэн үг. Тэр медаль нь алт байвал төсөв дээрээ нэг удаа 120 сая, цаашид сар бүр дөрөв, жилд 48 сая төгрөгийн ачаа нэмж үүрнэ (Мөнгө бол 36, хүрэл 24 сая). Энэ зардал хэдий хүртэл үргэлжлэх нь улсаас ямар ч хамааралгүй. Магадгүй 90, 100 жил ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр энэ 15 тэрбум төгрөг бол жишиг. Бид 10 медаль авья гэвэл 150 тэрбумыг зарцуулж байж л авна гэсэн багцаа. Гэтэл улсад ийм нөөц бололцоо бий юу гэвэл байхгүй.

Тиймээс санхүүжүүлэх арга хэлбэрийнхээ агуулгыг харж, төсөвт ирэх ачаанаасаа салах ёстой гэсэн санааг дэвшүүлж байгаа юм. Энэ ажлыг төсөвт ирэх ачаалал буурч, тамирчинд ирэх өгөөж багасахгүй, харин ч бүр ихсэхээр шийдэж болно шүү дээ. Ер нь хөрөнгө санхүү босгох хуучин тогтолцоо аажмаар нуран унаж, шинэ арга хэлбэрүүд хүч түрэн орж ирж байгааг бид харж байна. Хэтэрхий удаан Хөрөнгийн бирж орон зайгаа блокчейнд суурилсан койн, токенд алдаж, токен, койн нь хөрөнгө оруулалт татах гол арга хэрэгсэл болж хувирч байна. Спортын салбарын санхүүжилтэд ч шинэ арга хэрэгсэл нэвтрүүлэх цаг нь болсон. Арга нь ямар ч байж болно. Гол нь төр өөрөөсөө хөнгөлсөн ачаагаа хэмжээг нь багасгахгүй, харин ч ихсэхээс өөр аргагүй байдлаар хувийн хэвшил, олон нийт рүү шилжүүлэх оновчтой замыг олох ёстой. Спортод сонирхлоороо хөрөнгө хаядаг хүн ховордсон тул хувийн хэвшилд спортод хөрөнгө оруулах ашиг сонирхол бий болгож болно. Салбарт оруулсан хөрөнгийг нь татвараас чөлөөлдөг болох нь нэг шийдэл. Хэдий хэр хэмжээний хөрөнгийг татварын хөнгөлөлтөд хамруулахыг холбоо бүрт ялгавартай байлгаж, жил бүр үр дүнгээр нь эрэмбэлж болно. Энэ гэхдээ зөвхөн спорт холбоодыг үр дүнтэй, өрсөлдөөнтэй ажиллуулах нэг санаа төдий юм. Холбоод байраа ахиулж, ирэх жил ахиу хандив авахын тулд дотооддоо оновчтой менежмент хийхийг эрмэлзэнэ. Шалгуур, арга механизмыг нь тодорхой болгоод программчлахад нэг компьютер хийчих ажил. Холбоодыг шилэн данстай болгоод хяналтаа тавиад явбал хэрэгжих бүрэн боломжтой. Одоо бол том холбоод төсвөөс мөнгө авахын хажуугаар байнгын хандив авч байгаа. Тэр нь хаашаа ордгийг хэн ч мэдэхгүй. Төсвийн хөрөнгийг үрэн таран хийнэ. Өнгөрсөн жил л гэхэд БТСУХ-ноос мэдээллээ хүртээмжтэй болго хэмээн мэдээ мэдээллийн бүрэн динамик вебсайт бүтээлгээд, хөгжүүлэх хэмжээний мөнгө спорт холбоодод тараасан ч одоо хэчнээн холбоо мэдээллийн цахим хуудас ажилуулж байгаа билээ. Спорт холбоод санхүүгээ аргалдаг өөр олон арга байдаг ч дээр хэлсэнчлэн, энэ нийтлэлдээ салбарыг буруутгах санаа агуулаагүй тул энд бичсэнгүй. Гэх мэтээр асуудал бий. Энэ мэтээр өөртөө ачаа нэмэх агуулгаас татгалзмаар байна. Холбоод бие дааж санхүүжээд, олимп, ДАШТ-дээ өөрсдөө бэлддэг болчихвол төсөвт ирэх дарамт буурч, БТСУХ санхүүгийн хувьд бэхжинэ. Суларсан мөнгийг өөр зүйлд, жишээ нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд зарцуулж болно шүү дээ. Биеийн тамирын багш нарын цалин, секц дугуйлан ажиллуулсны урамшуулалд өгч болно. Бидний авсан мэдээллээр, биеийн тамирын багш нар секц дугуйлан ажиллуулсан гээд ямар ч урамшуулал авахгүй байгаа. 2015 оны хавьд хэсэгхэн зуурт өгч байгаад больсон. 29 жил ажилласан биеийн тамирын багш удаан жилийн 20, заах арга зүйчийн 10 хувийн нэмэгдэлтэйгээ нийлээд сард гар дээрээ 820 000 төгрөг авч байна. Гурван жилийн өмнө ажил хаяж байж нэмүүлсэн 30 хувь, энэ оны эхнээс л өгч эхэлсэн удаан жилийн нэмэгдэлтэйгээ нийлээд энэ гэхээр урьд нь ямар бага цалин авч байсан нь тодорхой. Бидний холбогдсон багш нар өөрсдөө ийм бага цалин авдаг хэрнээ удаан жилийн нэмэгдэлгүй залуу багш нарыгаа бүр бага цалинтай хэмээн өрөвдөж байсан гэхээр залуу багш нарын нийгмийн асуудал ямар хүнд байгаа нь тодорхой. Цол зэргийн нэмэгдэл олгох хууль журам байдаг ч алаг цоог хэрэгжилттэй. Спортын мастер цолтонд үндсэн цалингийн 10, ОУХМ цолтонд 15 хувийн нэмэгдэл олгох хуулийн зохицуулалт байдаг ч зарим сургуулийн багш нар л авдаг, ихэнх нь авдаггүй байх жишээтэй. Яагаад ийм нугалаа гарч байгааг холбогдох байгууллагууд судлахад илүүдэхгүй. Санхүүжилтийн санаачилгыг орон нутагт шилжүүлэх арга бас бий. Спорт, нийтийн биеийн тамир өндөр хөгжсөн улсуудад орон нутаг нь биеийн тамир спортын салбарт улсаасаа илүү анхаарч хөрөнгө санхүү гаргадаг жишээ байх юм. Тухайлбал Финландын Хельсинки хотын захиргаанаас биеийн тамир спортод зориулдаг төсөв Засгийн газрын зарцуулж буй төсвөөс давж гардаг байна.

Спортоор хичээллэсэн иргэнд эрүүл мэндийн даатгалаас урамшуулал олгох журам хэрэгжээгүй байна

Төрөөс иргэдээ спортоор хичээллэх боломжийг нэмэх үүднээс гурван сар тогтмол хичээллэсэн иргэдэд 60 000 төгрөгийн урамшуулал олгохоор болж 13 фитнесс төвийг магадлан итгэмжилсэн билээ. Энэ 13-ыг хэн ямар шалгуураар тодруулав, шалгуурыг хэн ямар зорилгоор хэт өндөр тогтоов. Энэ нь салбарын судалгаатай хэрхэн уялдаж байна вэ. Дээр дурдсан 2017 оны биеийн тамир спортын судалгаанд “Монгол Улсын хувьд биеийн тамир, спортоор зонхилон хичээллэх насыг 6-64 нас гэж үздэг ба 2017 оны 6-64 насны 2525.3 мянган хүн амьдарч байна” гэж хар дээр цагаанаар бичжээ. 2.5 сая иргэнд 13 фитнесс клубыг магадлан итгэмжилсэн байна. Энэ бол нэгдүгээрт маш цөөхөн, далайд дусал төдий, хоёрдугаарт магадлан итгэмжлэгдсэн фитнесс клубуудын ихэнх нь маш өндөр төлбөртэй байна. Тухайлбал, хамгийн олон салбартай клуб сарын 330 мянган төгрөгийн төлбөртэй.

Улирал хичээллэхэд 990 000 төгрөг төлж 60 000 төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас авна. 10 хувь ч хүрэхгүй хөнгөлөлт гэсэн үг. Гэтэл захын фитнесс найзыгаа авчирвал хоёуланг чинь 15 хувь хөнгөлье гээд байж байдаг шүү дээ. Хоёрдугаарт, энэ журам огт хэрэгжээгүй байна. Бид магадлан итгэмжлэгдсэн “Соёл фитнесс”, “Голдс жим”, “Эмпайр фитнесс” гэсэн гурван газар руу холбогдоход гурвуул “Манайд хэрэгжээгүй, нарийн мэдээлэл алга байна” гэсэн хариу өгсөн юм. Гурван жил яригдаж, яригдаж 2019 оны сүүлээр журам нь гарсан ч клубуудыг магадлан итгэмжлэх, шаардлагатай техникийн нөхцөлийг бүрдүүлэх (хурууны хээ унших төхөөрөмж гэх мэт) гэсээр байтал 2020 он гарч, цар тахлын хязгаарлалт эхэлж, улмаар замхарсан бололтой. Сураг сонсвол, сонгуулийн дараа шинээр байгуулагдсан УИХ хуулиас яг тэр заалтыг нь аваад хаячихсан гэх. Муухайгаар хэлбэл эрх баригчид иргэдээ "хульхиджээ". Үнэхээр л иргэддээ хүргэе гэж байгаа бол хэвээр нь үлдээгээд, төгс биш юм гэхэд боломжийн нөхцөлтэй, сарын 40 000- 60 000 орчим төгрөгийн төлбөртэй хангалттай олон фитнессийг магадлан итгэмжлэх хэрэгтэй байна. Тэгвэл иргэдэд илүү бодит дэмжлэг болохсон.

Спорт улс төртэй “нэг хөнжил”-д байснаар хулгайг л гааруулна

Спорт холбоод улстөрч дарга нарыг л ерөнхийлөгч болгох сонирхолтой. Гэтэл дарга гэдэг нэг талдаа төрийн албан хаагч, тэдэнд мөнгө байхгүй. “Тэгээд юунд нь дарга болгодог байна” гэж уншигч та гайхширч магадгүй. Тийм ээ, дарга нарт мөнгө байхгүй. Харин эрх мэдэл бий. Спортын холбоодод тэр эрх мэдэл нь хэрэгтэй. Спорт холбоод түүхэн хөгжлийн явцад даргыг “саах” маш олон аргыг бодож олжээ. Улстөрчөөр ерөнхийлөгч тавьсан холбоод тухайн улстөрчийн багтдаг улс төр, бизнесийн бүлэглэлтэй шууд холбогдож, дэмжлэг авах боломжтой болдог. Төрийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ давуу эрхтэй, бизнесмэнүүдээс нь хэрэгтэй үедээ санхүүгийн дэмжлэг гуйна. Дарга ямар нэг ТӨХК руу яриад ЕНБД, холбоонд нөлөөтэй зүтгэлтэн, ахмад тамирчны хүүхдийг ажилд оруулж өгч ч магадгүй.

Ерөнхийлөгч нь өндөр түвшний улстөрч бол холбооноос тодорхойлсон шагнал ногоон гэрлээр эзэндээ очно. Холбоод өөрсдөө ч элдэв шагнал зохиож хүмүүст тараадаг. Ерөнхийлөгчөөрөө лоббидуулж газар авдаг. Газрын албанаас хэчнээн холбоо барилга байгууламж барих нэрээр газар авсан, хэд нь зориулалтын дагуу ашигласан, барьсан барилга байгууламжид нь одоо ямар чиглэлийн үйл ажиллагаа явагдаж байна вэ гэдгийг судалбал сонирхолтой үзүүлэлт гарч ирэх байх. Ер нь “Тарган мал тал бүрийн ашигтай” гэдэг шиг том дарга холбоонд тал бүрийн ашиг авчирдаг. Харамсалтай нь яг одоо байгаа энэ тогтолцоо ард иргэдийн уурыг барж байгаа төсвийн хулгай, албан тушаалын гэмт хэргийг гааруулах нөлөө үзүүлж байна. Спорт холбоод улстөрчдөөр дүүрсэн нь нөгөө талдаа МҮОХ-той холбоотой. МҮОХ улстөрчдийн хараанд орж, тэд удирдлагыг нь авахын тулд саналын эрхтэй спорт холбоодод бүлэглэлийнхээ улстөрчдийг байршуулдаг. Цаасан дээр холбоо байгуулж МҮОХ-нд гишүүнчлэл авдаг боллоо. Монголд хэчнээн спорт холбоо, хэдэн хүн дээр бүртгэлтэй байдгийг нэгдсэн журмаар авчих мэдээллийн эх сурвалж алга. МҮОХ-ны албан ёсны цахим хуудас сүүлийн хэдэн сар өнгө төрх нь өөрчлөгдөж, агуулга нь эрс сайжирсан ч гишүүн холбоод, удирдлагуудын мэдээлэл байхгүй хэвээр байна. Тамирчид, спортын салбарынхан бол улс орон, ард иргэдэд авахаасаа илүүг өгдөг хүмүүс. Гэтэл одоогийн тогтолцооноос болоод авахаас өөрийг мэддэггүй юм шиг байдалд хүчээр оруулж байна. Зөв менежмент хийвэл спортын салбар асар их их мөнгө эргэлддэг, орсон хүмүүс баталгаатай сайхан амьдардаг болох бүрэн боломжтой. Үүний тулд иргэн бүр спортын тэмцээн уралдааныг үзэх соёлыг амьдралынхаа нэг хэсэг болгоё гэж уриалж байна. Ер нь ч тийм цаг ирэх нь ойлгомжтой. Спорт бол жаахан өөрчлөлт хийхэд л цаашаа өөрөө өөрийгөө аваад явчих салбар. Гагцхүү тийм болгох нь одоо спортынхны дээр сандайлж суугаа улстөрч, бүлэглэлийнхэнд ашиггүй юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)