Д.Сайнсайхан: Усан бар жил нь алт мөнгө, эд баялгаар элбэг болоод хүмүүн жаргалантай байна

Оточ манрамба их сургуулиас гаргасан 17 дугаар жарны сайжруулагч хэмээх усан бар жилийн дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.

17 ДУГААР ЖАРНЫ САЙЖРУУЛАГЧ ХЭМЭЭХ УСАН БАР ЖИЛИЙН ҮР ЖИЛИЙН ҮР, ОНЦГОЙЛОХ ЖИЛТНҮҮДИЙН ЗАСАЛ НОМ

Энэ жилийн хувьд Сайжруулагч хэмээх Усан бар жил гарч байгаа нь зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл алт мөнгө, эд баялгаар элбэг болоод хүмүүн жаргалантай болох жил гарч байна.

Жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар-Үхэр нь хөх толгойтой, цагаан ходоодтой, ногоон биетэй, эвэр, сүүл, чих шар, омруу, дөрвөн шийр нь улаан байгаа нь жил болон улирлын эхээр гантай, салхи ихтэй, жил, дөрвөн улирал бүрийн сүүлээр хур элбэг, газар, гал, усны аюулаас сэрэмжил, өвс, ногоо, тариа будаа ургац дунд байна.

Үхэр хариулаач нь идэр залуу хүн, хөх царайтай, шар хувцастай, ногоон бүс бүслээд, унгасан шилбүүр шар барьж, үс нь зүүн чихнийхээ араар хийссэн, баруун чихнийхээ урдуур унжсан байдалтай, хоёр гутлаа бүсэндээ хавчуулаад хөл нүцгэн үхрийнхээ баруун талд тайван алхаж явна. Энэхүү шинжээр идэр залуус болон дунд түшмэдэд ээлтэй сайн амгалан ажил үйлс бүтэмжтэй, бага балчир нялхас болон энгийн ард иргэдэд ширүүн, өндөр дээд суудалтан болон өвгөдөд ширүүвтэр байх төлөвтэй ба жилийн ерөнхий төлөв ард түмэн улс орон хямралтай, ноёд дээдэст гэм их харшлалтай, халдварт өвчнөөс болгоомжил.

Бар жилтнүүд буюу гадаад жил монголчууд “Жил орох” гэж нэрлэдэг “Рангэг” буюу “Өөрийн тотгор” 2010, 1950 онд төрсөн 13, 73 насанд хүү махбодтой жил хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд ч байдаг. Тиймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийн бие, эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Засал нь: Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.

1998, 1938 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил: “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг тийм орон гаран байдаг жил бөгөөд буг зэтгэр босох гэм буй. Засал нь: Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтга.

1986, 1926 онд төрсөн 37, 97 насанд дайсан махбодтой жил: Хийморь доройтох гэм буй. Бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.

1974 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил: “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтга.

1962 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил: Гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтга.

Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна. Жишээ нь: Энэ жил үхэр жилтэй эрэгтэй хүмүүс нь сар шинэ болохоос өмнө хулгана жилд юм уу үхэр жилдээ, эмэгтэй хүн үхэр жилдээ юм уу бар жилд жил орох магадлалтай юм.

Урвасан жил буюу дотоод жилийн нөлөө маш их нөлөөтэй.

Урвасан жил нь огторгуйн үүд нээгдэх, гарзын үүд нээгдэх, яс тасрахын үүд нээгдэх, хагацахын үүд нээгдэх, үгүйрлийн үүд нээгдэх, олзны үүд нээгдэх юм. Хагацахын үүд нээгдсэн хүмүүсээс “Уур чинь хүрч байна уу” гэж асуудаг. Тэр хүмүүс уур хүрч байна, ууртай байна гээд чин үнэнээ хэлдэг. Тэдгээр хүмүүст би “Таны уурын үүд нээгдчихэж” гэж хэлдэг. Би үүнийг “Уурын үүд” гээд нэрлэчихсэн. Хүмүүс “Хагацахын үүд” гэхээр их айдаг. Үхэж хагацах юм болов уу, хэнээс хагацах гээд байгаа юм бол гэдэг. Хүн уурлахаараа хамгийн ойр дотны хүнээсээ холдож салдаг шүү дээ, түүнийг л хагацахын үүд гээд байгаа юм. Хагацахын үүд буюу уурын үүд нь нээгдсэн хүмүүст хагацахын үүдийг хаалгах Дашдондов, Доржнамжил, Алтангэрэл гэсэн гурван номыг уншуулахаас гадна өөрөө сахиж явах хоёр зүйлийг хэлж өгдөг. Энэ нь нэгдүгээрт, тухайн хүн өөрөө хэл ам, хэрүүл тэмцлээс хол явах, хоёрдугаарт, өрөөл бусдын хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж явах хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг сахихгүй бол тухайн хэл амны нөлөө тэр хүнд гай үсэрч байгаа юм шиг нөлөөлдгийг би мэдсэн. Тиймээс хүн аливаа засал ном хийлгэсэн ч өөрөө сахих зүйлийг мөрдөж дагахгүй бол засал ном хийлгэсний хэрэг гардаггүй. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусдаггүй нь нарны буруу биш агуйн буруу шүү дээ.

Үгүйрлийн үүд буюу гарзын үүд гэж монголчууд нэрлэдэг энэ үүд нээгдвэл эд баялаг тогтохгүй, сэтгэл санаа тавгүй болдог. Гарзын үүдийг хаах засал ном нь Дашдондов, Дашзэвэг, Сахиусны ганшиг. Хамгийн сайн үүд нь олзны үүд. Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг. Яс тасрахын үүд нээгдвэл хэл аманд орох талтай. Газрын үүд нээгдвэл газар лусын үйлээс болгоомжлох хэрэгтэй. Огторгуйн үүд нээгдсэн хүн уул хад, өндөр зүйл дээр гарахыг цээрлэхээс гадна нохой шинээр авч тэжээж болдоггүй. Үүнийг анхаарах хэрэгтэй.

33-ны мөчлөг 1990 оны Төмөр морь жилтнүүдэд тохиож байна

Эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг. Харин жил орж байсан мөчлөгүүдийг харахад эрэгтэй хүн 13 насан дээрээ ус, эмэгтэй нь гал дээр суудаг. Тэгэхээр суудлаа сэлгэх болон суудал дээрээ суух үед хатуу нөлөөлөлтэй байдаг. Энэ 33-ны мөчлөг буюу эхийн хий нь суудлын гүймигтэй давхацдаг. Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. 9 насны мөчлөгтэй 1, 9, 18, 27, 36, 45, 54, 63 гэх мэтчилэн насанд насны гүймигийн заслыг хийлгэх ёстой. Суудлын гүймиг нь эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн усан суудал дээр сууж байгаа энэ мөчлөгийг хэлж байгаа юм.

33-ны мөчлөгийн талаар бид учир утгыг мэдэх, мэдэхгүй, итгэх, итгэхгүй дом засал арга гэж хийнэ гэж явахаар хүн өөрөө байгалийн, сэтгэлийн амьтан учраас тухайн жилийн эхээс төрөхөд суудаг суудлын гараг эрхсийн нөлөөг арилган суудлын гүймигийн заслаа сайн хийлгээд, ээжийнхээ ачийг санаж баярлуулаад хариуд нь сайн сайхан ерөөл хэлүүлж үнсүүлэх нь зөв гэж зөвлөдөг. Тэгж зөвлөхөөр хүмүүс их гайхдаг л даа. Ном асуух гэж ирсэн чинь ээжийгээ баярлуул гэж хэлдэг ямар сонин юм бэ гэдэг. Хүмүүс айдас, сэжиг ихтэй. 33-ны мөчлөг орох гэж байна, орж байна, заслаа хийлгэхгүй бол болохгүй гэнэ ээ гээд ирдэг. Ажиглаад байхад энэ нь үнэний ортой харагддаг. Одоо жил өнгөрөх гэж байхад 33-ны мөчлөгийн заслаа хийгээгүй хэл ам, хэрэг заргад орооцолдсон, амьдрал нь бараг муу тал руугаа хөмөрчих гээд байна гэсэн залуучууд ирдэг нь харамсалтай санагддаг. Тиймээс 33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах юм шүү дээ. Бид эцэг, эхийгээ баярлуулах хамгийн том зүйл бол сайн явж, сайхан зөв амьдарч, бусдад тустай нэр бүтэн явах л гэж би боддог. Хөхүүл хүүхэдтэй эх хүн горьдчихоор ямар ч эмнэлэг, ямар ч мундаг ном горьдоог нь гаргаж дийлдэггүй. Харин горьдоог нь гаргасан хойно сэтгэлзүйн хувьд сайхан болоод хөх нь чинэрч зовуурилж байсан маш хүнд эмгэг нь эдгэчихдэг шүү дээ. Энэ сонин хэрэг шүү. Үүнийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаагүй байна. Түүнтэй адил ээжийгээ баярлуулж чадвал илүү сайн. Энэ бол том нөлөөг засах засал юм. 33-ны мөчлөг нь энэ жил 1990 онд төрсөн Төмөр морь жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүст тохиож байгаа. Энэ хүмүүс бусад засал номоо хийлгэхээс гадна энэхүү 33 мөчлөгт хамаарах суудлын гүймигийн заслыг анхаарч хийлгэж, ээжийгээ л баярлуулаарай.

Харш жилтнүүд буюу бич жилтэн их харш, гахай, могой жилтэн бага харш, нохой, морь жилтэн ивээл жилийн харш, үхэр жилтнүүд цагаан жил буюу тэмцэлдэх харш

Бич жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул амь насны зэтгэр хөдөлдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшийн засал, аян замд явбал Чойжоо дүгжүү гаргавал сайн.

Гахай, Могой жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул гахай жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, могой жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжлэх. Засал нь Жадамба, Ногоон дарь эх уншуул, бага харшийн засал, Амин золиг гаргуулбал сайн.

Нохой, Морь жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Сахиусны ганшиг, 13 сан уншуул.

Үхэр жилтнүүд Бар, үхэр хоёр тэмцэлдэх харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй.  Засал нь Манлын чого, 3 гүрэм,  Сахиусны ганшиг уншуул.

Мэнгэ голлосон жилтнүүд энэ жил 6 цагаан мэнгэтэй хүмүүс мэнгэ голлосон 2013, 1977, 1941 оны могой, 2004, 1968, 1932 оны бич, 1995, 1959, 1923 оны гахай, 1986, 1950 оны бар жилтнүүд хэрүүл тэмцлээс зайлсхийж, гарз гарахаас сэрэмжил. Засал нь: Мэнгэний засал хийлгэж, Жанаггагдог, Далха тахиулж, Алтангэрэл, Цэвэгмэдийн чого уншуулна.

Гахай, Хулгана, Үхэр, Луу, Хонь, Нохой жилтнүүд На буюу өвдөх жилийн Нашидүрсүмийн засалтай тул  гарз гарах нөлөөнөөс болгоомжлон эд зүйлдээ хянамгай байж 9 хар, 9 цагаан чулуу бэлтгээд Нашидүрсүмийн засал заавал хийлгэвэл зохистой. Нашидүрсүм гэдэг нь На буюу өвдөх, ши буюу үхэх, дүр буюу үхээрт орших гэсэн 3 үгийн нийлбэр бөгөөд Гурван жил дарааллан тохиодог нь энэ шууд утгаараа биш өвдөх гэдэг нь гарз гарахаас болгоомжил, үхэх гэдэг нь ажил үйлсдээ анхаарах, үхээрт орших гэдэг нь хэл ам хэрүүл тэмцлээс сэрэмжлэхийг анхааруулж байдаг. Жилийн нашидүрсүмээс гадна суудлын нашидүрсүмийн заслаа зурхайчаас асууж засал номдоо шамдаарай.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Юм мэддэг хүн дуугүй үнэн худөлыг дагаал олж мэдээл ном мөрөө гаргаад ажил үйлсээ даатгаад итгэл үнэмшил эниргийн дагуу ирдэг тул та амаараа юу бүтээн юуг хэлнэ тэд бүгд таньд ирнэ.

    0 0 Хариу бичих
  2. Лам нэртэй энэ солиотнуудад өөр хийх ажил алга уу? Манай ард түмэн мухар сүсэгжээд улам л тэнэгшицгээх боллоо. Энэ мэт лам нэртэй мудакууд баасан дээр суусан ялаанууд шиг солиорцгоох юм. Шашны элдэв зурхай, номлолыг орчин үеийн шинжлэх ухаан таягдаж хаяаад 100 жил болж байна, хөөе.

    0 2 Хариу бичих
  3. Шаалдаа бадмаа

    0 2 Хариу бичих
  4. БЭЛЭГТЭЙ АМТАЙ ЛАМ БЭ БАЯРЛАЛАА. ИЙМ САЙХАН ҮГ СОНСООГҮЙ УДЖЭЭ АМНЫ БИЛЭГ БАТ ОРШИЖ МОНГОЛЧУУД МИНЬ ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТӨН АМАР АМГАЛАН БОЛОХ БОЛТУГАЙ

    3 0 Хариу бичих