Омикроны оргил үед эмнэлгүүд ачааллаа дийлэх үү

Манай улсад омикрон хувилбар бүртгэгдэж ирэх сарын эхээр халдварын тохиолдол өдөртөө 18-20 мянга болж өсөхийг УОК сануулаад буй. Өнөөдөр гэхэд л шинээр батлагдсан тохиолдлын тоо 2279 болж өмнөх сараас 10 дахин өсжээ. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал ч нэмэгдсэн байна. Бид энэ талаар сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд очиход шинжилгээ өгөхөөр ирсэн иргэд урт дараалал үүсгэсэн байв. Он гарснаас хойш эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэдгийг эмч нар хэлж байлаа. 

Өдрөөр өсөн нэмэгдэж буй халдварын тоо

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч Н.Уртнасан “Өмнөх оны 12 дугаар сард эмнэлгийн ачаалал бага байсан. Харин энэ оны эхээс халдварын тохиолдол нэмэгдэж ачаалал үүсээд байна. Иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл, уушгины эмгэгүүд ихэссэн. Мөн ковид-19 халдвараар өвдсөний дараах архаг хууч өвчин сэдрэх тохиолдол их байна. Тухайлбал, уушги, зүрх судас, чихрийн шижин зэрэг хууч өвчтэй хүмүүс ковид-19 халдвар тусахад хүндрэх эрсдэл үүсэж мөн хууч өвчин сэдэрч нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Тиймээс иргэд цаг хугацаа алдалгүй нэмэлт тундаа хамрагдаж өвчлөлийг буруулах хэрэгтэй. Вакцины бүрэн тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа хамгийн өндөр хэмжээнд тогтож, 2, 3 дахь сараас хойш эсрэг биетийн хэмжээ буурч байна. Тиймээс санамж эсийг сэргээх, дараагийн мутацад орсон хувилбараас сэргийлэхийн тулд нэмэлт тун хийлгэх шаардлагатай” гэлээ. Мөн эмч нар дүүрэг, нэгдсэн эмнэлэг ачаалал ихтэй байгааг онцолсон юм. Цагаан сарын баяраар халдварын тархалт эрс нэмэгдэж цар тахлын давлагаа дахин үүсэхийг үгүйсгэхгүй байгаа тул бэлтгэлээ хангаж байгаа гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Х.Батжаргал “ Гадуур халдвар их байх шиг байна. Танилууд минь эерэг гарсан тул ойрын хавьтал болоод шинжилгээ өгөхөөр ирсэн. Хамар битүүрч, толгой өвдөөд хэд хоног халуурсан. Халдвар хамгааллын дэглэмээ баримталж олон нийтийн газраар амны хаалтаа сайн зүүх шаардлагатай байна” гэлээ.

Цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж байна

Омикроны оргил үед эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж архаг хууч өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүд халдвараар өвчлөх эрсдэлтэй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулаад буй. Мөн дүүрэг, өрхийн эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрэх эрсдэлтэй. Бид Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны өрхийн эмнэлгээр орлоо. Үзлэгийн өрөөний гадаа хүүхдээ тэврэн зогссон иргэд их байв. Хүүхдийн уйлах чимээ сонсогдож, хүлээлгийн сандал дүүрч зарим иргэд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд гарч зогсоно.

Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны иргэн О.Сувдмарал “ Хүүхдээ үзүүлэхээр ирсэн. Гадуур томуу ихэссэн болохоор ханиад эсвэл томуу гэдгийг нь ялгаж чадахгүй эмчид үзүүлж байна. Өрхийн эмнэлэг ачаалал ихтэй өглөө 9 цагт ирсэн, одоо цайны цаг нь болчихсон хүлээж байна” гэв.

Тэгвэл ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл  "Омикрон хувилбар томуу, томуу төст шинж тэмдгээр илэрдэг, уушгины хатгалгаа хэлбэрээр хүндрэх эрсдэлтэй. Томуугийн халдвар болон омикрон хувилбарын шинж тэмдэг нь ижил байна. Тиймээс ялгахад хүндрэлтэй байгаа.Энэ хувилбар нь маш олноор нэгэн зэрэг халдварлах чадвартай. Ихэвчлэн халуурах шинж тэмдэгтэй байна.Мөн хүүхэд томуу ,томуу төст өвчтэй хавсарч өвдөх эрсдэлтэй" гэлээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Омикроныг энгийн ханиад гэж үзэж болохгүй. Омикрон хувилбар бусад вирусээсээ халдварлах чадвар өндөртэй. Бид эрдлээ тооцож, УОК руу өөрсдийн саналаа хүргүүлсэн. Томуу, томуу төст өвчний эрсдэл байна. Альфа, дельта хувилбарууд нь өндөр настай, хавсарсан эмгэгтэй, вакцингүй бүлэгт илүү эрсдэл учруулж байсан. Харин омикрон хувилбарын хувьд 0-5 насны хүүхдүүд өвчлөх эрсдэлтэй. Ялангуяа амьсгалын замын халдвараар өвдөж байгаа. Энэ нь томуу, томуу төст өвчинтэй хавсрах өндөр эрсдэлтэй”

Монгол Улсад омикрон хувилбарын дөрөв дэх давлагаа дөнгөж эхэлж буйг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Цагаан сарын баяр дөхөж гадуур хөл хөдөлгөөн ихэссэн энэ үед бид халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж хайртай бүхнээ хамгаалах ёстой. 

Нэмэлт тунтай холбоотой олон улсын судалгаа

Израйль

IV тун эсрэг биеийг тав дахин өсгөж байна.

Өмнөд Африк

Омикроны эсэд нэвтрэх чадвар нэмэгдсэн ч бүүстэр тунгийн нөлөөгөөр дархлааны эсүүд олширч богино хугацаанд вирусийг устгаж байна.

АНУ-ын өвчний хяналтын төв

Дархлаажуулалт нь эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 84 хувь багасгаж хүндрэл, нас баралтыг бууруулна.

Харвардын судалгаа

II тунгаас гурван сарын дотор III тунг Файзераар хийлгэсэн бол вирусээс хамгаалах чадвар 19-27 дахин нэмэгдэж байгааг тогтоожээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)