Сургуулийн автобус түгжрэлийн нэг шийдэл биш юм уу

Сар хүрэхгүй хугацааны дараа сурагчдын амралт дуусаж, хичээл сургууль эхэлнэ. Омикрон болон томуугийн дэгдэлтээс шалтгаалан хөл хорио тогтоодоггүй л юм бол сургуулийн амралт дуусдгаараа дуусаж, хичээл эхэлдгээрээ эхэлнэ. Гэхдээ сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцэн нийслэлчүүдийн толгойн өвчин болж байгаа зүйл нь замын түгжрэл. Сэлүүхэн замаар түгжрэлгүй зорчдог байсан өдрүүд ард хоцорч, минутаар “мөлхөх” өдрүүд ирж байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр завсарласан энэ хугацаанд нийслэлийн автозамын ачаалал 30 хувиар буурчээ.

Их тойрууд байршилтай 63 сургуулийн 5000 багшийн 1672 нь, 73822 хүүхдийн 15958  нь хувийн унаагаар зорчдог

Түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газраас зарим сургуулийн хичээлийн цагт өөрчлөлт хийхээр болсон. Тодруулбал, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Их тойруугийн гудамжинд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх, дуусах цагт зохицуулалт хийхээр болсон. Ингэхдээ эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай нягт уялдуулан уян хатан байхаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт даалгав. Тэгвэл өнгөрсөн даваа гараг /2021.01.10/т болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг танилцууллаа. Тэрбээр "Их тойрууд байршилтай төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль бий. Нийт 63 сургуульд 16 мянга орчим хүүхэд такси болон хувийн унаагаар зорчиж байна. Иймээс төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 26 сургуулийн хичээл эхлэх цагийг 07.45, 08.15 гэж өөрчлөлт оруулах санал боловсруулсан. Дээрх 63 сургуульд ажиллаж байгаа 5000 багшийн 1672 нь такси, хувийн унаагаар явж байна. Урт хугацаандаа нийтийн тээврээр боловсролын байгууллагын ажилтныг үнэгүй зорчуулах судалгаа хийсэн” хэмээн танилцуулсан юм.

Нийтийн тээврээр боловсролын байгууллагын ажилтныг үнэгүй зорчуулах нь түгжрэлийн шийдэл юм уу

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр энэхүү саналыг танилцуулахаас өмнө Нийслэлийн Боловсролын газраас Их тойруугийн гудамжинд байршилтай түгжрэлд нөлөө бүхий төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36, нийт 63 ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай уулзаж, саналыг авахад зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Удирдлагуудын зүгээс цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаас гадна сургуулийн автобусны хүрэлцээг нэмэгдүүлэхийг санал болгож байв. Гэтэл Нийслэлийн боловсролын газраас оруулж буй санал нь “Урт хугацаандаа нийтийн тээврээр боловсролын байгууллагын ажилтныг үнэгүй зорчуулах судалгаа хийсэн” хэмээв.

Нийтийн тээврийн хүрэлцээ нь хангамжгүй, ая тухгүй ийм нөхцөлд боловсролын байгууллагын ажилтныг нийтийн тээврээр үнэгүй зорчууллаа гээд түгжрэл буурах уу. Боловсролын салбарынхан өглөө, орой зорчих автобусны 1000 төгрөггүйдээ нийтийн тээврийг сонголгүй хувийн унаагаараа зорчоогүй байлтай. Үүнийхээ оронд сургуулийнхаа автобусаар сурагчидтайгаа хамт зорчдог байх нь үүнээс арай дээр шийдэл санагдана.

Нийт сурагчдын 30 хувийг хувийн машинаар зөөвөрлөвөл нийслэлийн зам дээр 100 мянган автомашин нэмэгдэнэ

Сургуулиас хүүхдээ зөөж буй эцэг, эхчүүдийн зорчих хөдөлгөөн Улаанбаатар хотын өглөө, оройны замын түгжрэлийг нэмэгдүүлдэг нь сурагчид амарсан хугацаанд батлагдчихлаа. Энэ амралтаар ч биш сурагчдын амралт болгоноор л зам түгжрэлгүй болдог. Үүнтэй холбогдуулан статистик дурдахад, 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 281 сургуульд 340069 хүүхэд суралцаж байгаа. 281 сургуулийн 152 нь төрийн өмчийнх бол 129 нь хувийн хэвшлийнх. Нийт сурагчдын 30 хувийг гэр бүлийнхэн нь машинаараа зөөвөрлөдөг гэж үзвэл нийслэлийн зам дээр 100 мянган автомашин нэмэгдэж, өглөө хүргэж өгч, орой нь буцаан авч өдөрт дөрвөн удаа замын хөдөлгөөнд оролцоно.

Зөвхөн Их тойрууд байршилтай 63 сургуулийн 73822 хүүхдийн 21.6 хувь нь буюу 15958  нь хувийн унаагаар хүргүүлж байгаа. Мөн дээрх 63 сургуулийн багш ажилчдын 33.4 хувь нь буюу 1672 нь  такси, хувийн унаагаар зорчиж байгаа юм. Зөвхөн Их тойрууд байршилтай багш сурагчдад сургуулийн автобусаар үйлчилдэг болчихвол 18 мянга шахам тээврийн хэрэгсэл нийслэлийн автозамаас цөөрөх нь. Нийслэлийн хэмжээнд буй төрийн хэвшлийн 39 сургууль 49 сургуулийн автобустай бол, хувийн хэвшлийн 35 сургууль 133 сургуулийн автобустай юм байна. Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Сургуулийн автобусыг хэрэгжүүлснээр түгжрэлийг өдөрт 3-6 хувиар бууруулсан” хэмээн санал авах уулзалтын үеэр хэлжээ. Цөөхөн хэдэн энэ автобус түгжрэлийг бууруулахад ийнхүү хувь нэмэр оруулж байна. Гэтэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар гаргасан Нийслэлийн Боловсролын газрын “шийдэлд” нь сургуулийн автобусны талаар нэг цэг ч байхгүй байгаа нь харамсалтай. Сургууль бүр дэргэдээ автобустай болж сурагчаа зөөдөг болох нь дан ганц түгжрэлийн шийдэл биш юм. Гэр бүлийн мөнгө санхүү, цаг хугацааг хэмнэхээс гадна “Хүүхэд зөөх” гэсэн эцэг эхийн нуруун дээрх хамгийн хүнд ажлыг нугална. Нийтийн тээврээр зорчдог хүүхэд багачуудад аюулгүй байдал болон эрүүл мэндэд маш том дэм болно. Автобус хүлээж даарч элдэв өвчнөөр өвдөхгүй, хичээл сургуулиасаа хоцрохгүй, муу хүмүүст дээрэлхүүлж, дээрэмдүүлэхгүй гээд олон давуу тал байгаа харагдана.  Гэтэл манай удирдах дээд байгууллагуудын хувьд хүүхэд зөөж буй машиныг цөөлж, сургуулийн автобус нэвтрүүлэх нь олиггүй шийдэл юм байна. Харин “Хүүхэд зөөж буй машины хөдөлгөөнд бус хүүхдээ зөөж буй цаг нь түгжрэл үүсгэж байна” гэсэн “мэргэн” шийдлээр Улаанбаатар хотын түгжрэл хэрхэн буурахыг харах л үлдлээ.

“Түгжрэлийг бууруулах зорилгоор сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж  өглөөний 07.45 болон 08.15 цагт хичээл эхлүүлэх тухай санал болгосон. Ингэснээр түгжрэлийг 50 хувь бууруулна гэж бид тооцож байгаа юм” гэсэн мөртүүд нь хэвлэлийн хуудаснаа зурайж байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. машинаас татгалзаад автобусанд суухаар түгжрэл буурна. гэхдээ автобусаа судалгаан дээр үндэслэж нэмбэл эргээд түгжрэхгүй

    0 0 Хариу бичих