ӨӨР ӨНЦӨГ: Үндэсний баярын гээгдсэн үнэ цэн

Өвөг дээдсийн үеэс уламжлан тэмдэглэж ирсэн, өнө эртний түүхтэй төрт ёсны хамгийн том баяр бол Цагаан сар. Энэ баярыг монгол түмэн эртний хүннүгийн үеэс тэмдэглэж ирсэн. Тэр цагт Цагаан сарыг Идээний баяр хэмээн нэрлэж намрын дэлгэр цагт тэмдэглэдэг байсан нь мянган жилийн турш тасралтгүй уламжлагдан явсаар XIII зуунтай золгосон гэж түүхэн эх сурвалжид дурдсан байдаг. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрэх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаснаар хаврын тэргүүн сард золгож шинэлдэг болсон түүхтэй.

Харин арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Үүнээс хойш энэ уламжлал тасралтгүй үргэлжилсээр өнөө хүрсэн. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд Монгол гэх нэрийг мөнхөлж, тамгалж буй гол хүчин зүйлийн гэж үзэх нь ч бий.

Цагаан сар бол уламжлал, өв соёл

Гэвч Монгол угсаатны хамгийн чухал үндэсний баяр болох цагаан сарыг гурав дахь жилээ “өнжихөөр” болоод байна.Тодруулбал, Ковид19 халдварын улмаас 2020 оноос хойш тус баярыг нөсөр тэмдэглэсэнгүй. Мөн төрийн золголт хийлгүй гурав дахь жилтэйгээ золгож байна. Халдварын тархалтыг хумихын тулд сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг холбогдох байгууллагаас анхааруулдаг. Гэвч ах дүү, хамаатан садантайгаа уулзаж, айл хэсэж, ууц хөндөхгүйгээс цааш гэртээ идээ, шүүс зэхэх шаардлагагүй гэж үзэж буй хүн олон байна. Шинийн нэгэнд ширээгээ торт, жимсээр чимээд, баярын амралтын өдрүүдэд буйдан, зурагттай “нөхөрлөхөөр” төлөвлөж буй залуучууд ганц, нэгээр тогтохгүй. Түүгээр ч зогсохгүй “Хотынхон цагаан сарыг сүйдтэй тэмдэглэдэггүй. Шинэ жилээ л өргөн, дэлгэр тэмдэглэдэг. Цагийн сарын бол хөдөөнийхний баяр” гэх нэгэнтэй ч таарав. Эрсдэл, өвчнөөс урьдчилан сэргийлээд айл хэсэж, хүнтэй уулзахгүй байхыг буруутгах аргагүй. Гэхдээ ёс заншил, өв уламжлалаа хүндэтгэх нь ч чухал. Тиймээс ууц, шүүсээ засаж, сар шинээс гэртээ ёслох нь бэлэг ерөөлөөс гадна хүүхэд, залуучуудад үндэсний соёл, ялгамжаа таниулах, сургах нэн чухал ач холбогдолтой.

“Одоогоор сар шинийн бэлтгэл хангаж байгаа хүн алга”

Сар шинийн баяр болоход 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдлээ. Элдэв өвчин, эрээвэр зүдгүүргүй цагт өдийд сар шинийн бэлтгэлээ базаагаад, бууз, ууцаа зэхээд эхэлдэг. Энэ жил хэрхэж байгаа талаар Баянзүрх захын худалдаа эрхлэгч Б.Тунгалаг “Цагаан сар болоход хагас сарын хугацаа л үлдсэн байна. Уг нь өдийд зах, худалдааны төв хөл ихтэй байдаг. Энэ жил бараа ч, хүн ч цөөн байна. Хил гаалийн улмаас бараа, бүтээгдэхүүн хомс байна. Хүн ч цөөхөн байгаа. Мах, хэвийн боовны тасаг ямар байгааг мэдэхгүй байна. Би чихэр, пичень худалдаалдаг. Манайхаас ганц нэг хүн өдөр тутмын хэрэгцээгээний бараа, бүтээгдэхүүн л худалдаалж байна. Бэлэг, тавгийн идээ зэхэж байгаа хүн одоогоор алга” гэсэн юм.  

Харин иргэдээс цагаан сар тэмдэглэх эсэхийг нь тодруулахад нэг хэсэг нь айл хэсэхгүй, гэртээ тэмдэглэнэ гэж байсан бол зарим нь энэ жил сар шинийн баярыг өнжинө гэсэн байр суурьтай байсан юм.

Өв соёл, түүх уламжлал, зан заншил бол үндэсний дархлаа, оюуны ой санамж юм. Хэрэв үүх түүхээ үл огоорч, соёл, уламжлалаа баллуурдаж орхивол үндэсний дархлаа суларч, улс орон, ард иргэд үнэт зүйл, чиг баримжаагүй болно. Гэвч бид жил ирэх тусам өв соёлоосоо алсарч, харь хэл, гаднын соёлд нэвчсээр байна. Хэрэв энэ байдлыг эрт залруулахгүй бол халаглах багадаж, хараах ихдэх асуудал дэгдэхэд ойрхон байна.  

Байр суурь

МУИС-ийн  зөвлөх профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам 

1985 оны хавар Парисын дорно дахины хэл иргэншлийн сургуульд би зочин багшаар очоод франц болон бусад өрнөдийн орнуудаас монгол хэл суралцах гэсэн хүмүүст хичээл заахаар боллоо. Монгол багшийн сургаар арав гаруй хүн ирээд сууж байна.

Тэгээд би өөрийгөө танилцуулаад “Монгол улсаас ирлээ” гэсэн чинь хамгийн арын суудалд байсан залуу хөвгүүн гараа өргөөд “танаас юм асууж болох уу” гэнэ. “Бололгүй яахав” гэхэд "Би Монгол улс гэдгийг газрын зураг дээрээс их удаан хайгаад сүүлд нь хаанаас олсон гээч. Орос, Хятад гэдэг хоёр аварга гүрний дунд байдаг юм байна. Энэ урт удаан түүхийн хугацаанд та бүхэн яаж энэ хоёр аваргын дунд тэсч үлдсэн бэ?" гэж байна. Анх ирсэн багшийг хэлэх үү, залуу зандан байсныг хэлэх үү ямар ч байсан хүнд хариу хэлэх хэрэгтэй боллоо. Тэгээд би "за, энэ бүхэн бол манай соёл  иргэншлийн л ач буян байгаа  юм даа" гэдэг хариуг хэлсэн.

Тэр цагаас хойш өнөөг хүртэл би энэ асуултанд зөв хариулсан болов уу, буруу хариулсан болов уу гэж гучаад жил бодож байна. Бодох тусам хариу маань зөв байжээ гэдэг нь ямар нэгэн байдлаар батлагддаг. Үнэхээр л бид өөр соёл иргэншилтэй байсан бол энэ хоёр их гүрний аль нэгэнд нь уусаад алга болох байсан болов уу гэж боддог.  

Монгол угсаатны хувьд олон мянган жилийн өмнөөс өдий хүртэл уламжилж ирсэн бэлгэдлийн цогцлол болсон цорын ганц үндэсний баяр бол цагаан сар. Тийм ч учраас монгол үндэстэн гэж оршмоор байвал жилдээ ганц удаа ёсолдог баяраараа ёсолсон шиг ёслоод, байр баясгалан болгож магнайгаа тэнийлгэж болно биз дээ. Үүнийг л би залуучуудаас хүсч байна. Католик шашинтнууд л гэхэд цаглабарын өдөр болгон нэг баяртай байдаг юм билээ. Ямар тийм зүйл байгаа биш.

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар 

Биднээс их олон зүйл алсарч байна. Нэн түрүүнд анхаарах шаардлагатай зүйл бол эх хэл. Сүүлийн үед бид “Со са, юу байна, хаана байгаа юм, юу хийж байна” гэж л харилцдаг болчихлоо. Гэтэл монгол хэлний үгсийн сан хэчнээн баялаг, яруу билээ. Хэл үгүй болбол үндэстэн мөхнө шүү. Үүнээс гадна, мөнхөд яригдах нэг сэдэв бол цусны тусгаар тогтнол. Охид ариун бол төр ариун. Энэ маш том философи шүү. Хэл, цуснаас гадна үндэстний ялгамж гэж нэг зүйл байна. Бидний баяр хүртэл өөрийн гэсэн онцлогтой. Оршуулгын зан үйл нь хүртэл өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Энэ чинь соёл. Энэ ялгамжийг хойч үедээ өвлүүлж, өөрсдөө дээдэлж байх нь тусгаарт тогтнолоо хамгаалж буй хэрэг

Монгол Улсын Их Сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш С.Бямбадорж

Цагаан сарыг албан ёсоор хориглосон тохиолдол бол БНМАУ-ын Маршал Х.Чойбалсанг нас барсан тохиолдол. Тэрнээс өөр Цагаан сарыг албан ёсоор хориглож байсан түүх байхгүй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)