Ойгүй тэнэг үндэстэн

Мартахын гайхамшиг

Монголчууд бид мэдээллийн гайхалтай боломжийн дунд аж төрж байна. Өөрөөр хэлбэл, технологийн дэвшил, интернэтийн хөгжлөөс үүдсэн олон боломжийн нэг нь мэдээллийн ил тод байдал, түүнд өгөх олон нийтийн хариу үйлдэл, анхаарал хандуулах үйл явц юм.

Бид хүсвэл нийтээрээ нэгэн сэдвийг барьж аваад, төр засгийн шийдвэрт нөлөөлөх хэмжээнд хүртэл сэвж чадна. Үүнийг батлах цөөнгүй жишээ бидэнд бий. Жишээ нь, дөнгөж амаржаад буй эхийг өвлийн хүйтэнд улавчтай нь аваад гарч байгаа ганц кадраар бүхэл бүтэн Засгийн газрыг танхимаар нь огцруулж чадаж байлаа. Тийм л үед ард түмэн гэх үгийн утгад итгэх хүсэл төрдөг билээ. Гэвч үнэнхүү хүчийг эзэмшдэг мөнөөх ард түмэн гэгч бол ихэнхдээ л хий хоосон зүйл, ердөө л нэг сэг зэмээр хооллодог амьтас, эсвээс дэгээнд өгөөш хийвэл үмхэхээ л мэдэх загас мэтэс шиг л санагдана. Ингэж хэлэхийн учир шалтгаан байна.

Монголчууд бид ямар ч ноцтой, чухал сэдвийг үсрээд л 2-3 хоног анхаарлынхаа төвд барьж чаддаг. Түүний дараа тухайн шуугисан асуудлаа шийдэгдсэн эсэхийг үл харгалзан, дараагийн сэдэв рүүгээ шилжиж, өмнөх ноцтой хийгээд чухал сэдвээ ор тас мартчихдаг.

Ийм цикл үндэсний хэв шинж болтлоо хэвшжээ. Үүгээрээ бид маш богино ой санамжтай үндэстэн гэх ангилалд тэргүүлэх болно. Жишээлбэл, бид ой санамжаараа загаснаас ялгаагүй гэсэн үг.

Загасны ой санамж ердөө л 8 секунд үргэлжилдэг гэдэг. Энэ нь өөрт нь ямархан хор хөнөөл авчирдаг тухайд хэлэлтгүй. Наад зах нь дэгээнд өгөөш хийгээд шидэхэд нэг үмхэж аваад, уруул амаа сэт татуулах боловч аюул заналыг хэдхэн хормын дараа мартаж орхиод, мөнөөх дэгээгээ дахиад л зуугаад авдаг ажээ. Түүнтэй адил монголчууд сэдвээс сэдвийн хооронд өгөөш үмхэх загас мэт л амьдарцгаах болов.

Богинохон ой санамжийнхаа харгайгаар загас амиа алддаг бол харин бид юугаа алддаг вэ? Үүний хариулт нь бидний өнгөрсөн хугацаанд анхаарлаасаа алдаж орхисон сэдвүүд, тэдгээрийн шийдэгдээгүй байдал юм. Үнэндээ бид нийтээрээ сэвсэн асуудлаа нэг ч удаа шийдүүлж байсан түүх үгүй. Дээр жишээ татсан, улавчтай эхийн жишээн дээр ч тэр. Тэрхүү сэдвийг нийтээрээ сэвж, эмзэглэж, шаагилдсаны гол утга учир нь Засгийн газрыг огцруулах биш, харин эрүүл мэндийн салбарт бугшсан хүнлэг бус хандлага, сэтгэлгүй үйлчилгээ, төрийн албаны болхи, хоцрогдсон байдал байсан. Тэгтэл ард түмнээрээ шагшралдан шаагисан тэрхүү алдаа дутагдал өнөөдөр засагдсан уу, засагдаагүй. Бахь байдгаараа л байгаа. Бахь байдгаараа байсаар атал олон нийт тэр удаагийнх шиг дахин шагшралдан шаагиж байна уу, үгүй. Ердөө л энэ юм. Бидний бодит байдал ийм. Аливаа сэдвийг ердөө нэгэн удаагийн шуугилдах шалтаг болгож ашиглаад л болоо. Хамгийн аюултай нь, үүнийхээ дараа нэг л их ханаж, цадсан мэт, асуудал шийдсэн мэт ханамж авна. Дөжирнө, гөлийнө. Дахиад мөнөөх асуудал нь хэчнээн томоор сөхөгдөн босч ирсэн ч өмнөх шигээ тоож авч хэлцэхгүй. Олон таардаг хүнтэйгээ ёс төдий мэндлээд, толгой дохиод өнгөрдөг шигээ л тухайн сэдэвт хандах болно. Энэ бол алсуураа маш хортой үзэгдэл шүү. Ард түмнээрээ аливаа асуудлыг шийдэх бололцоо, чадамжаа алдах болно. Ямар ч ноцтой асуудлыг нэг удаагийн сэвэх сэдэв болгоод л мартах болно. Яг л ЖДҮ, Ц.Анандбазар, авлигачин түшмэдийн хэрэг шиг замхрах болно. Сэдвээс сэдвийн хооронд үсчиж буй олон нийтийн анхаарал, ой санамжийн тухай хөндөхөд дараах өнцөгүүд зайлшгүй яригдана.

Мартуулахын гайхамшиг

Олон нийтийн ой санамж устахын хэрээр улстөрчдийн мэдэн будилах, хууран мэхлэх нь хэтрэх болно. Үүнийг өдгөө бид хангалттай мэдрээд эхэлсэн гэж хэлж болно. Төр түшилцэж яваа эрхмүүдийн амнаас “Мэдэхгүй байна, санахгүй байна” гэх үгс олноороо хөврөх болсон нь үүнийг нотолно. Тэд ард түмнээрээ элэг доог хийх болно. Тохуурхах мэт аяглах бол энүүхэнд. Хийсэн үйлдэл, хэлсэн үгээ мартаж, хариуцлага, ёс жудаг гээчийг уландаа гишгэх болно. Яагаад гэдгийн хариулт нь маш тодорхой. Түүний хийсэн буруу бүхэн илчлэгдлээ ч хэдхэн өдрийн шуугиан болоод эл дол болж мартагдах болно гэдэгт тэд итгэж эхлэх юм. Зарим нь санаатайгаар муу муухайгаа дэлгэх, илчлэх үзэгдэл ч гарч мэднэ. Энэ нь хожим илүү муу муухайг үйлдэх “дархлаа”, нэг ёсны вакцин болж өгнө. Өчигдөр хэлсэн нь өнөөдөр өөрчлөгдөх увайгүй худалч, урвагчуудыг төрүүлэх болно. Албан тушаал, эрх мэдлийн төлөө өөрийн ой санамжаа албаар устгаж, ичих булчирхайгүй аашилж таарна. Та бид ийм жишээг өдгөө ч олонтаа харж байгаа шүү дээ. “Би албан тушаалд очихгүй” гэж хэлснийхээ маргааш л дарга, сайд болоод гүйлдэж байна. Тухайлбал, Э.Бат-Үүл нэгэнтээ “Хэрвээ миний хүүгийн нэр дээр оффшор данс илэрвэл би ахиж улс төрд нэрээ ч дэвшүүлэхгүй” гэж мэдэгдэж байсан ч өнөө хэр улс төрөөс нэрээ татаагүй л явна. Иймэрхүү жишээ түм бумаараа л даа.

Улстөрчид өмнө нь хэн байсан, юу хийж байснаа мартдаг. Албан тушаал, эрх мэдэлтэй болмогцооогт өөр хүн шиг ярьж, хийж эхэлдэг. Төрд зүтгэгчдийн ийм увайгүй байдлаас үүдэж, төрийн ой санамж устдаг. Хэрэгжүүлсэн бодлого бүр нь өмнөхөө үгүйсгэж, эсвэл алдаа бүхнийг давтаж таарна. Жишээлбэл, төрийн эрхийг АН барьж байх үед хүүхдийн мөнгийг зөвхөн хэрэгцээтэй өрхүүдэд олгох шийдвэр гаргахад МАН-ынхан “Хүүхэд бүрт олгох ёстой” хэмээн эрх баригчдаас шаардаж, жагсаал цуглаан хийхдээ тулж байв. Харин 2016 онд төрийн эрхийг авмагцаа хүүхдийн мөнгийг “Хавтгайруулсан халамж” хэмээн цоллож, зорилтот бүлэгт өгөхийн давуу талыг чухалчлах болсон билээ. Тэгснээ дараагийн сонгууль болохын өмнөхөн буцаад “Хүүхэд бүрт олгох хэрэгтэй” гэсэн шийдвэр гаргаж байсныг уншигчид санаж буй биз ээ. Энэ мэтэд л олон нийтийн ой санамж уг нь чухал хүчинтэй, хэрэг болох эд юмсан. Эрх баригчид сонгуулийн өмнөх бүх сайхан амлалтаасаа буцаж, няцаж буй тохиолдол бүрийг ард түмэн ой санамжиндаа тэмдэглэн хадгалж байх ёстой юм. Гэтэл ой санамжинд нь үлдсэн юу ч үгүйн улмаас өнөөдөр аль ч нам засгийн эрх барьсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүйгээр дараагийн сонгуульд ялалт байгуулж чаддаг болж.

Мангарын гайхамшиг

Аливаа сэдвийг бүх нийтээрээ хэдхэн өдөр сэвээд мартдаг байдал нь туйлшрах үзэгдлийн нэг хэлбэр юм. Мэргэжлийн тайлбараар бол туйлшрах үзэгдэл нь иргэдийн боловсролгүй байдалтай холбогддог ажээ. Аливаа мэдээлэлд өгөх нийгмийн реакци нь мэдээлэл, болж буй үйл явцыг шүүн тунгаах нийгмийн хамтын чадвар гэсэн үг шүү дээ. Боловсрол өндөр байх тусмаа мэдээллийг илүү хөндлөнгийн байр сууринаас хүлээж авдаг, илүү шүүж тунгаадаг, олон талын мэдээллийг харьцуулж үздэг байна.

Мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах чадвар муу байх тусмаа л худал мэдээлэлд автах байдал нэмэгддэг. Туйлшрал үүнээс эхтэй.

Яагаад юм болгон дээр байр сууриа илэрхийлдэг, дүгнэдэг, үйл явдал болонгуут заавал хариу үйлдэл үзүүлээд байна вэ гэвэл бидний сэтгэл зүйн динамик өндөр байгаагийн шинж гэнэ. Өөрөөр хэлбэл EQ (Emotional Intelligence) бага байна гэсэн үг. Иймээс мэдээ, мэдээллийг бүрэн шингээж авч чадахгүй, амжихгүй атлаа шууд хариу үйлдэл үзүүлдэг.

Сайн юмыг сайн, муу зүйлийг муу гээд шууд хүлээж авах нь буруу гэсэн үг биш. Гэхдээ энэ бүх сэтгэл хөдлөлөө үйлдлээр илэрхийлэх, сонголтоо ийм үйлдлээр удирдуулах нь буруу ажээ.

Аз жаргал хувь хүнтэй, гутранги байдал нийгмийн хөгжилтэй уягддаг. Өнөөгийн Монголын нөхцөл байдалд хамгийн гутранги ханддаг хүмүүс дунд насныхан буюу 40-50 насныхан гэнэ. Нэг талаас нь харвал эдгээр хүмүүс хоёр системийн шилжилтийн үеийнхэн, нөгөө талаас дунд насны хямралд нэрвэгдэж буй бүлэг юм. Харин нийгэмд болж буй сөрөг үйл явдлуудад бага автдаг, өөдрөг нийгмийн бүлэг нь залуучууд байна. Сошиал орчинд хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлдөг маш олон мэдээлэл бий. Эдгээр мэдээлэл бодитой юу, үгүй юү гэдгийг яг өнөөдрийн байдлаар ямар нэг институци нотолсон зүйл алга. Улс төрийн баахан хэргүүд яригдаад яваад л байдаг, шалгаж байна л гэдэг. Гэтэл эдгээрээс шүүхээс шийдэгдсэн нь хэд вэ. Тухайн мэдээллийн мөрөөр хоёр хоног цуурхаж, бүх нийтээрээ шүүмжлэн турхиралдсаны хэрэг яг яаж гардаг вэ. Хариулт нь тун ч бүрхэг. Үр дүн нь бараг л тэгтэй тэнцүү.

Өнөөгийн нийгэм эмоци дээр суурилаад байгаагаас биш, үр дүнд төвлөрөхгүй байна. Бидний хийж буй сонголт яг нарийн тооцоотой гэхээс илүүтэй итгэл үнэмшил, эсвэл айдас дээр тулгуурлаж байгаагаас ийм нөхцөл үүсдэг аж. Хамгийн энгийн жишээгээр улс төрийн сонголтыг дурдаж болно. Бид нэр дэвшиж буй хүн, намын мөрийн хөтөлбөр, санал болгож буй бодлого, тэдгээрийн хэрэгжих бодит боломж, тэр хүний өмнөх намтар түүх, амжилт, алдааг нь судлан тооцож сонголт хийдэггүй. Харин аль болох сошиал орчин болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй хар бараан, эсвэл гэрэл гэгээтэй мэдээлэл дундаас л дүгнэлт хийдэг. Энэ бол бид сэтгэл хөдлөл дээр суурилж шийдвэр гаргаж буйн илэрхийлэл. Өөрөөр хэлбэл, рационал сонголтын шалгууруудаа бид тодорхойлж чадаагүй байгаа учраас сэтгэл хөдлөлд суурилсан зан үйлээр сонголтоо хийгээд байна. Нөгөө талаас хүн сүргийн амьтан гэдэг утгаараа нийтийн хэм хэмжээг шууд хувь хүний стандарт болгодог. Энэ маягаар ямар ч рационал хүн байсан нэг мэдэхэд нийтийн хэм хэмжээнд удирдагдаад явчихдаг.

Нийгмээрээ нэг юмыг шүүмжлээд байвал тэр зүйл нь үнэхээр буруу юм шиг, эсрэгээр бултаараа сайшаагаад байвал үнэхээр зөв мэт болдог хандлага ажиглагдаад байгаа.

Бүр тодорхой хэлбэл, сошиал медиа гэсэн мэдээллийн том урсгалыг бид удирдаж чадахгүй байна. Хаанаас ямар мэдээллийг яаж хүлээж авахаа удирдаж чадахаа больсон. Ийм учраас энэ мэдээлэлдээ бид өөрсдөө удирдагдаад байна. Яагаад гэвэл энэ сэтгэл хөдлөл дээр дөрөөлөөд биднийг аливаа нэг сонголт руу түлхэж байгаа бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд хөтлөгдөх эрсдэлтэй болж байна гэсэн үг.

Мангартуулахын гайхамшиг

Ямар ч сэдвийг богино хугацаанд сэвээд мартдаг, тухайн сэдвээ хэрхэн шийдвэрлэгдсэнийг эс хайрхан дараагийн сэдэв рүүгээ шилжин ордог байдал нь нийгмийг удирдах бололцоог хэн нэгэнд олгож болохыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, ард олныг сэдвээр дамжуулж удирдах бололцоо хэдийнэ үүсчээ. Хэрэв хэн нэгэн хүсвэл, ард түмний анхаарлыг хааш нь чиглүүлж, ямар ч сэдвээс холдуулж, ямар сэдэвт автуулахыг сонгоно гэсэн үг л дээ. Энэ бол өнөөдөр Монголд өрнөж буй л үйл явц. Энэхүү зорилгод үйлчилдэг олон нэр томъёог ч бид мэдэх болсон. “Троллууд” бол зөвхөн ийм зорилгын төлөө л гарч ирсэн зүйл. Тэдний хийх үндсэн ажил бол сошиал орчинд өрнөж буй халуун сэдэв, хуурамч мэдээллүүдийг өрдөж, сэвж, үлээж, асааж бодит хүмүүсийн сэтгэл хөдлөл дээр тулгуурлан хэрүүл тэмцэл өрнүүлж, хуваан талцуулах юм. Бот буюу роботууд ч мөн энэ ажлыг хийдэг. Гэхдээ троллууд илүү идэвхтэйгээр хуурамч мэдээлэл тарааж, бүдүүлэг, тэнэг, хэт туйлширсан чанараараа хүний анхаарлыг татаж, хариу үйлдэл хийлгүүлж дөнгөх чадвартай байдаг. Туйлширсан юм бичиж байж л хүний аазгайг хөдөлгөж, хариу бичүүлж, лайк шэйр хийлгэж чадах тул энэ тэднийг таних тэмдгүүдийн нэг юм. Сая сая бот, троллууд хуурамч мэдээллийг нэгэн зэрэг сэвж, тэрхүү мэдээлэлд хүмүүсийн анхаарлыг хандуулж, хэрүүл мэтгэлцээнд өдөөн турхирч, хиймэл сөргөлдөөн үүсгэж, бодит бус уур амьсгал бүрдүүлж чадаж буй нь олон нийтийн оюун санааг удирдан хянах томоохон хүч болж буй юм.

2018 оны байдлаар Фэйсбүүкийн 2.2 тэрбум хэрэглэгчийн 850 сая нь хуурамч аккаунт буюу тролл, ботууд байна гэсэн судалгаа гарчээ.

Энэ тоо 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үлэмж өссөн гэдгийг судлаачид мэдэгдэж байв. Фэйсбүүк компани 2020 оны сүүлээр буюу Ерөнхийлөгчийн сонгууль болон цар тахлын идэвхжлийн үеэр 35 мянган хүний удирдан ажиллуулдаг 1.3 тэрбум хуурамч аккаунтыг устгасан гэдгээ тайландаа дурджээ.

Ийм нөхцөлд хэн ч сошиал орчинд сэдэв буюу олон нийтэд зориулсан “өгөөш” бэлдэж чадах нь. Тэрхүү өгөөшийг “Сенсаци” гэдэг нэрээр нь хэрэглэвэл уншигчдад илүү ойлгогдох байх. Хүсээгүй сэдэв дээр нь олон нийтийн анхаарал төвлөрөөд байвал хэн нэгэн дараагийн “Сенсаци”-ийг гаргаж тавьснаар өмнөх асуудал ор мөргүй мартагдах болно. Ердөө л ийм технологиор улс төр, эдийн засгийн маш том хэргүүд, улстөрчидтэй хариуцлага тооцох олон боломж устан алга болж, мартагдаж одсоныг таах аргагүй. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглаж зээл авч, шамшигдуулсан улстөрчдийн хэрэг яг л ийм замаар “дашийн шог” болсон билээ. Тухайн асуудлыг мартуулах зорилгоор “Өөр сэдэв сэвэх” төлөвлөгөө гэгч зүйл ч задарч байсныг зарим нь санаж буй биз ээ. Харин ихэнх нь дүрмийн дагуу мартаж орхисон байх. Эцэст нь хэлэхэд Монголын ард түмний ой санамжийг хэдхэн өдрийн настай байлгах сонирхол улстөрчид, эрх мэдэлтнүүдэд үргэлж байсаар л байх болно. Аливаа асуудал, ноцтой сэдвийг нэг удаагийн шуугиан дуулиан болгоод өнгөрүүлдэг, нэг шуугианыг өөр нэг шуугианаар дардаг, улмаар ор тас мартагнуулдаг, дөжрөөдөг ийм бохир технологийн золиос, хохирогч эцсийн бүлэгт ард олон өөрсдөө л байх болно оо. Ийм богино ой санамжтай гэдэг утгыг ташлуулбал бид “Ойгүй тэнэг үндэстэн” юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Нэр хаяггүй хүмүүс л бичээд байхын. Өөрөө гэрээ бичихээс айж байж бас бусдыг "ойгүй тэнэг" гэчихжээ. Аймхай халтар!

    0 0 Хариу бичих
  2. Jigshmeer herguud zondoo garsan heden odor sebeed l daraagiin sedebee sebeed unadag humuus

    0 0 Хариу бичих
  3. Мартуулахгүй мангартуулахгүй байх сэтгүүлчдийн хийх ажил байх шүү

    0 0 Хариу бичих
    • Araas ni surbaljilj baigaa ni geed setguulchid yabj baisaa mongo abaad amaa tagluuchaad baaihaar martagdaad baina daa.

      0 0
  4. Үнэн шүү

    0 0 Хариу бичих
  5. Өмхийрсөн тархитай хогноос долоон дор хүн сүрэг мөхөж үгүй болоосой

    0 0 Хариу бичих
  6. явган хүний гарцны ногоон гэрэл асчихаад , явган хүмүүс гарцаар гарч байхад л урдуур дайрчих шахаад давхиад гарч байгаа хүмүүсийг (хүн гэж хэлэхэд бас хэцүү л юм) хараад өөрийн эрхгүй би хаана байнаа л гэж бодох юм даа ...

    0 0 Хариу бичих
  7. Zugeer l malnuud. Bur teneguudiin eh oron sh te

    0 0 Хариу бичих
  8. arai gegeetei yum bod ain

    0 0 Хариу бичих