ЭЕШ-ыг VI болон XII сард зохион байгуулна

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ. Шалгалтын бүртгэл, зохион байгуулалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Энэ онд 33,053 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. Эдгээр хүүхдээс гадна өмнөх оны төгсөгчид шалгалтад хамрагдана. Энэ жилийн тухайд олон улсын шалгалтын оноог ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх, жилд хоёр удаа авдаг болох гэх мэтчилэн олон шинэчлэлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат "Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэлийг дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулна. ЭЕШ-ын бүртгэлд бүртгүүлсэн бүх шалгуулагчаас монгол хэл, бичгийн шалгалт авна. Гэхдээ энэ жил шалгалт өгөх 36 мянга орчим сурагч тусгайлан бүртгэл үүсгэх шаардлагагүй. Бид боловсролын мэдээлэл технологийн нэгдсэн системээс автоматаар татаж авна. Харин дахиж шалгалт өгөх шалгуулагчид гуравдугаар сарын 14-ны хугацаанд бүртгэл хийж, баталгаажуулах ёстой. ЭЕШ-ын бүртгэлийн хураамж нэг хичээл нь 5800 төгрөг байдаг. Харин монгол хэл, бичгийн шалгалт хураамж, төлбөргүй байдаг. Бид энэ жилээс эхлээд ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болно. Эхний шалгалтын зургаадугаар сарын 20-30-ны хооронд авахаар төлөвлөж байна. Хоёр дахь удаагийн шалгалтын 12 дугаар сард авахаар тооцоолж байна. Үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиуд оюутан элсүүлэх журмаа мөн өөрчилнө. Өөрөөр хэлбэл сургуулиуд өвлийн элсэлт авдаг болно. 

ЭЕШ-ын батламж хуудсыг үнэт цаасан дээр хэвлэж гардуулдаг байсан. Уг батламжийг хүүхдүүд гээх тохиолдол элбэг байдаг учир энэ хуудсыг хүүхэд шаардлагатай үедээ хэвлэж авдаг болно. Мөн энэ жилээс Монгол Улсын ЭЕШ-ын дүн оноог олон улсын шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх журам гарсан. Үүнтэй холбогдуулаад, манай улсад суралцаж буй гаднын суралцагчид өөрийн хүсэлтийн дагуу заавал ЭЕШ өгөхгүйгээр гадаадад өгсөн шалгалтын дүн оноогоо дүйцүүлээд суралцах боломжтой болно. 

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байна гэж тооцоолж байна. Энэ шалгалтын бид дөрөвдүгээр сард авна. Уг шалгалтад тэнцээгүй сурагчдаас шалгалтыг тавдугаар сард дахин авна. Хоёр удаагийн шалгалтад босго оноогоо даваагүй сурагч ЭЕШ өгөх боломжгүй" гэлээ. 

2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны өнөөдөр өглөө 09:00 цагт эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.
Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүйг сонгож бүртгүүлнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой юм байна. Мөн манай БҮТ-ийн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)