Гахайн зүрх шилжүүлэн суулгасан өвчтөн амьсгал хураажээ

Дэлхийн хамгийн анхны генетикийн аргаар өөрчилсөн гахайн зүрх суулгасан эрэгтэй амьсгал хураасан байна. Дэвид Беннетт нь зүрхний титэм судасны өвчлөлийн сүүлийн шатанд байсан бөгөөд генетикийн аргаар хувиргасан гахайн зүрх шилжүүлэн суулгасан анхны хүн болсон юм.

Тэрээр АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн анагаах ухааны төвд гахайн зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэснээс хойш хоёр сар амьдарчээ. Хэд хоногийн өмнөөс биеийн байдал нь тогтворгүйтэж, улмаар 57 настай эрэгтэй гуравдугаар сарын 8-ны өдөр амьсгал хураасан байна.  

Беннетэд хүний зүрх шилжүүлэн суулгах боломжгүй байсан тул үхэлтэй нүүр тулаад байжээ. Тиймээс уг хагалгаанд орохыг зөвшөөрч, нэгдүгээр сарын 7-нд хагалгааг амжилттай хийсэн юм. Хагалгаанд орсныхоо дараа гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөж, Super Bowl үзжээ.

Гэр бүлийнх нь зүгээс Беннеттэд хийсэн хагалгаа төгсгөл биш харин бусад өвчтөнүүдэд итгэл найдвар төрүүлэх эхлэл болсон хэмээн мэдэгдсэн байна. АНУ-д эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хүлээж буй өвчтөнүүдийн жагсаалтад 100,000 гаруй хүн байдаг бөгөөд донор эрхтэн олдоогүйн улмаас хоногт 17 хүн амьсгал хураадаг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Шинжлэх ухааны төлөө. Магадгүй дараагийн удаа бүтэх байх. Rest in peace

    0 0 Хариу бичих