Роман Абрамовичийн хөрөнгийг царцаалаа

Энэ сарын эхэнд өөрийн эзэмшдэг хөлбөмбөгийн Челси клубээ зарж, ашгийг нь Украины хохирогчдод хандивлахаа мэдэгдээд байсан Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эсрэг Их Британийн Засгийн газар хориг тавилаа. Британийн Засгийн газар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ойрын холбоотой гэж үзсэн долоон олигархын хөрөнгийг царцааж, хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасны нэг нь Абрамович боллоо.

Хэдийгээр Абрамович Ерөнхийлөгч Путинтай ойр дотно харилцаатайгаа үгүйсгэдэг ч 1990-ээд оноос хойш Путины нөлөөнд хөлжсөн цөөн хэдэн хөрөнгөтнүүдийн нэг юм. 9,4 тэрбум фунт стерлинг буюу 12,3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй олигарх Челси клубээ зарж олсон мөнгөнөөс хувьдаа ашиг хүртэхгүй гэдгээ баталж чадвал багийн худалдах хэлэлцээрт Британийн Засгийн газар ямар нэг хориг тавихгүй байж магадгүй ажээ.

Одоогоор Челси баг Абрамовичийн хөрөнгө тул үйл ажиллагаа нь зогсох ёстой ч Британийн эрх баригчид хөлбөмбөгийн уламжлалтай холбоотой хэд хэдэн шийдвэрт уян хатан ханджээ. Тухайлбал клуб премьер лигийн тоглолтуудаа үргэлжлүүлэх эрхтэй ба клубын ажилтнуудад цалин хөлсийг нь үргэлжлүүлэн олгоно. Харин багийн гишүүдийн солилцоог зөвшөөрөхгүй гэжээ.

Борис Жонсон Оросын тэрбумтнуудын хөрөнгийг царцаах нь Украины ард иргэдэд дэмжлэг үзүүлж буй явдал гэж үзсэн байна. Уг хоригт Абрамовичоос гадна Роснефт компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин, Олег Дерипаска, Андрей Костин, Алексей Миллер, Николай Токарев, Дмитрий Лебедев нар багтжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Кк улсаасаа цуслаад гадаадад амьдраад байвал ийм л юм болно ш дээ..хохь нь л гэдэг жинхэнэ утгаараа болж байна даа...

    0 0 Хариу бичих