Х.Баттулга хуулийн хоригт орохоос айв уу?

Хоёр талд хуваагдаад буй АН ээлж дараалан Их хурлаа хийж удирдлагуудаа шинэчилсээр байна. Хэдхэн хоногийн өмнө “С.Эрдэнийн АН” ээлжит бус Их хурлаа хийсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 7-нд “О.Цогтгэрэлийн АН” мөн Их хурлаа хийхээр товлоод байна. Түүнээс өмнө намын даргын сонгууль зохион байгуулах юм. Намын даргын сонгуульд өрсөлдөгчдийг бүртгэх хуулийн хугацаа өчигдөр дуусч, нэр дэвшихээр бүртгүүлсэн хүмүүсийг зарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргын сонгуульд өрсөлдсөн нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн намын даргад өрсөлдсөн хоёр дахь тохиолдол болж байна. Өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын даргаар ажиллаж байлаа. Гэхдээ тэрээр ямар ч өрсөлдөгч, саад бэрхшээлгүйгээр намын дарга болж байв. Харин Х.Баттулгын хувьд намын даргын сонгуульд ялалт байгууллаа ч ямар ч маргаангүйгээр хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү. Нэгдүгээрт, нам нь хоёр хуваагдсан, хоёрдугаарт, тэрээр нам дотроо дайсан ихтэй, гуравдугаарт, Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөөд нэг жил ч болоогүй байж намын даргад өрсөлдөж байгаа нь зохимжгүй, дөрөвдүгээрт, өрсөлдөгч намынхаа Засгийн газрын тэргүүний зөвлөхөөр ажилладаг гээд түүний эсрэг факт олон. Ийм байтал намын дарга болохын төлөө тэмүүлж байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь магадгүй удахгүй батлагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуультай холбоотой байж болох юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ, Засгийн газар, шүүх гэсэн гурван засаглалын хуульд өөрчлөлт оруулсан ч өнөөг хүртэл Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулаагүй байгаа. Гүйцэтгэх засаглал гэсэн малгайн дор Засгийн газартай зэрэгцэж, заримдаа давхардаж ирсэн Ерөнхийлөгч, түүний институц ирээдүйд ямар байдлаар ажиллахыг зохицуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг удахгүй эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх юм. Уг хуулийн төсөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах зохицуулалтууд орсноос гадна экс Ерөнхийлөгч нарт  ч хамааралтай дараах заалтууд бий.  

-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.

-Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга амьдрах, оршин суухыг хориглоно.

-Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

-Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.

Эдгээр заалтаас зөвхөн Х.Баттулгад үйлчлэх нь “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно” гэдэг заалт. Эрх баригчид Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа энэ заалтыг зориуд Х.Баттулгад үйлчлэхээр тусгасан нь ойлгомжтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг гардан боловсруулсан хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар. Тэрээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай сайнгүй харилцаатай. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар улиран томилогдоход нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ. Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны гурван давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш МАН-ын Хууль зүйн сайд биш” хэмээн зэмлэж байлаа.  

Х.Нямбаатар сайдын боловсруулсан Ерөнхийлөгчийн тухай хууль батлагдвал Х.Баттулга 2026 оны зургаадугаар сарын 25 хүртэл улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, нам байгуулах, намд элсэх эрхгүй. Тиймээс энэ хууль батлагдаж, өөрийнх нь эсрэг үйлчлэхээс урьтаж намын гишүүнчлэлээ сэргээж, намын даргаар сонгогдохоор төлөвлөжээ.