Энэтхэгийн эрх баригч нам гол дөрвөн мужийн сонгуульд ялалт байгууллаа

Энэтхэг улсад хоёрдугаар сарын 10-ны өдрөөс гуравдугаар сарын 7-ны өдөр хүртэл орон нутгийн сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө. Сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч Бхаратияа Жаната нам гол дөрвөн мужид ялалт байгуулаад байна. Энэ нь улс даяар иргэд үндсэрхэг үзэлтэй улстөрчдийг хөхүүлэн дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж ажиглагчид үзжээ.

Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратияа Жаната нам Уттар Прадеш мужид түүхэн амжилт тогтоосон байна. Тус мужид 40 орчим жилийн түүхэнд анх удаа эрх барьж буй нам хоёр дахь сонгуульдаа дараалан ялалт байгуулжээ. Уттар Прадеш муж нь Энэтхэгийн хамгийн их хүн ам шигүү оршин суусан, улс төржсөн бүс нутаг юм. 180 сая гаруй сонгогчтой. Мужийн захиргаа таван жил тутамд солигддог.

2017 оны сонгуулиар тус мужид Модигийн эрх баригч нам мужийн захиргааны 403 суудлаас 303-ыг нь авч байжээ. Харин энэ жилийн сонгуулийн урьдчилсан дүнгээр 266 суудалж эзэлж, мужийн захирагч улиран сонгогдох нь тодорхой боллоо. Хинду шашны лам Йоги Адитянат мужийн түүхэнд анх удаа улиран сонгогдож буй захирагчаар нэрлэгдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)