АН-ын уналтад ёроол алга

Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, Монгол гурав тасравч гүрний дайтай гэж үг бий. Үүн шиг АН-аас хэдэн ч нам салан тусгаарласан Монгол төрийн тулах багананы нэг байсаар ирсэн. Харин УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш хүч нь суларч, 2020 оны сонгуулийн дараа бүр хоёр хуваагдаж, орших уу, эс орших уу дээрээ тулаад байна. АН-ын энэ байдалд эхлээд гишүүд, дэмжигчид нь санаа зовж байсан бол одоо эгэл жирийн иргэд ч санаа зовниж эхэллээ. Учир нь, АН Монгол Улсын хөгжилд хэрэгтэй улс төрийн хүчин.

МАН-ын дарга асан С.Баяр

Ардчилсан нам одоо сэргэ, ухаан сийл, зориг гарга. Монгол гэрийг хоёр багана босгодог шиг, Монголын төрийг хоёр том нам авч явна. Бид нэг том баганатай байж үзсэн, бүтээгүй. Ачааг хамт үүрэлц. Хүнд жилүүд айсуй. Ардын тань амьдрал хэцүү байгаа шүү.

Уг нь АН эв нэгдэлгүй байхын зовлонг хангалттай олон удаа амссан. Засгийн эрхийг барьж байхдаа фракцууддаа барьцаалагдан “задарч” үзсэн. Сөрөг хүчин байхдаа ч сүйрч үзлээ. Одоо энэ намд нэгдсэн бодлого, нэг зорилго, зорилт гэж алга. Хэдхэн хүний хувийн ашиг сонирхол л энэ намыг сарниаж байна. Одоогийн энэ нөхцөл байдал хэзээ хаанаас үүссэн бэ гэдгийг эргэн сануулъя.

Ялсан, ялагдсанаас үл хамааран сонгууль бүрийн дараа улс төрийн намд шинэчлэгдэх процесс явагддаг. АН 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаар одоогийн энэ нөхцөл байдлынх нь суурь тавигдсан юм. Сонгуульд навс ялагдсан тухайн оны сүүлчээс АН-ынхан шинэчлэлийн тухай ярьж эхэлсэн. Ингээд ардчилсан зарчмаар намын удирдлагуудаа сонгож, дүрэм журмаа шинэчлэхээр тогтсон. Улмаар 2017 оны нэгдүгээр сард АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдов. Баянгол дүүргийг эс тооцвол бүх цаг үед олны итгэлийг олж чадаагүй, ямар нэгэн байдлаар үргэлж муу нэр зүүж явдаг тэрээр намын даргаар сонгогдсон нь АН-ын гишүүд, дэмжигчдийн хувьд анхнаасаа таалагдаагүй. Тухайн үед нийтлэлч Баабар АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлын үеэр “Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэх гэж үү” хэмээн хэлсэн гэдэг. Мөн тэрээр С.Эрдэнийг намын даргаар сонгогдсоных нь дараа “Хамгийн зөв сонголт бол С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой” хэмээн жиргэж байлаа. Харамсалтай нь АН-ын уналтад ёроол гэж алга.

Хэрэв ёроолтой байсан бол тэр ёроолдоо тулах цаг нь аль хэдийнэ болсон. Хоёр талд хуваагдаад буй хоёр АН улам л хоёр туйл руу зүтгэсээр байна. Энэ хоёр нам тус тусдаа дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нартай, газар, хэлтэстэй. Бүр дотоод сонгуулийн хороотой. Өөр өөрсдийнхөөрөө сонгууль явуулж намын даргаа сонгосоор өнөөдрийг хүрсэн.

Үзэл санааны хувьд өмнө нь хэд хэдэн удаа хуваагдаж, нягтарч явсан АН саяхныг хүртэл 1990 оны ардчилсан хувьсгалаар овоглодог байв. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа “С.Эрдэнийн АН”, “Ц.Тувааны АН” гэсэн хоёр өөр овогтой болсон.

Үзэл санаа бус хүн дагаж хуваагдсаар өнөөдөр “С.Эрдэнийн АН”, “О.Цогтгэрэлийн АН” гэх тодотголтой болоод байна. Улс төрийн нам гэдэг нэг л даргатай, нэг л дүрэмтэй байх ёстой. Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийн дагуу ийм. Гэтэл энэ хоёр АН яаж оршин тогтноод байгаа нь хэнд ч ойлгомжгүй байна.

Уг нь өнгөрсөн арваннэгдүгээр сард АН Онц Их хурлаа хийж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг намын даргаараа сонгосон. Тухайн үед “Ашгүй, АН одоо л нэг учраа олох нь” гэсэн итгэл олон хүнд төрсөн нь тодорхой. Учир нь, тэр Их хуралд 330 сум, 200 гаруй үүр, есөн дүүргийн төлөөлөл бүрэн оролцож 95 хувийн ирцтэйгээр хуралдсан. Мөн аймаг, дүүргийн намын дарга нар нь тамгатайгаа ирж тухайн Их хурлыг хууль ёсных гэдгийг батлан тамгалсан юм. Намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл, ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Л.Гантөмөр нар нөгөө талдаа санал тавьж нэгдэхийг уриалсан. Ингэхдээ С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын даргаар сонгогдоод байсан М.Тулгатад дэд даргаар ажиллах санал тавьсан. Гэвч бүх зүйл тэдний хүслээр болсонгүй. Саяхан С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан ээлжит бус ХIII Их хурлаа хийлээ. Энэ хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Шадар сайд асан Да.Ганболд тэргүүтэй АН-ын гишүүд оролцов. Гэвч энэ Их хурлыг нь О.Цогтгэрэл тэргүүтэй бусад нөхөд нь эсэргүүцэж “АН-ын хууль ёсны ээлжит бус Их хурал ирэх дөрөвдүгээр сарын 7-нд болно” хэмээн мэдэгдлээ. Их хурлаасаа өмнө намын даргын сонгуулиа зохион байгуулахаар нэр дэвшигчдээ бүртгэж аваад байна. “О.Цогтгэрэлийн АН”-ын даргад Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр нэрээ бүртгүүллээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр

Удахгүй болох Их хурлын дараа Улсын дээд шүүх бидний хүсэлтийг бүртгэхээс татгалзах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй гэж харж байгаа. АН асуудлаа хууль, дүрмийнхээ хүрээнд шийдвэрлээд өгч байхад хүлээж авахгүй гэвэл асуудал бидэнд биш, Дээд шүүхэд байна л гэж харна. Үндэсний бодлогын хорооны гишүүд маань “Биднийг дахин хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, тэмцэх болно” гэсэн. Бид үнэхээр тэмцэнэ. Монгол орон даяар АН-ын гишүүд дэмжигчид цуглаж, үнэхээр болохгүй байгаа зүйлийн эсрэг зоригтой тэмцлийг эхлүүлнэ. Ганц С.Эрдэнэ гэдэг хүн АН-аар ингэж тоглож болохгүй.

АН 200 мянган гишүүнтэй. Гэвч 20 хүний л зөрчил дээр АН хуваагдчихаад байна. Намынхаа хагарлын гол шалтгаан болоод буй хүмүүс уг нь намаа нэгтгэх хэрэгтэй гэдгийг тал бүрдээ л ярьж байна.

Гэвч шийдэлд хүрсэнгүй өнөөдөртэй золголоо. Дээр О.Цогтгэрэлийн АН-ын генсекийн байр суурийг хүргэсэн бол одоо С.Эрдэнийн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр юу гэж ярьсныг хүргэе?

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр

АН бол өнөөдөр дарга цэрэг гэхээсээ илүүтэй дүрмээ өөрчлөх ёстой. Алтан толгойтой мөнгөн цээжтэй хорвоод хосгүй даргатай болчхоод тэрийгээ тойрч бүждэг нам бол АН биш. АН бол асуудлыг хамтын зарчмаар шийддэг. Хэн нэгэн даргыг дагаж далдагнадаг нам биш. Тэр утгаараа дарга руу хэт эрх мэдэл төвлөрсөн дүрмийг саармагжуулна. Ер нь хамтын удирдлагын зарчмаар явах ёстой. Энэ нь Ардчиллын зарчим. Бодлогын нам болох, хариуцлагатай байх чиглэлд өөрчлөлт хийгдэнэ. Дээрх дүрмийн өөрчлөлтийг намын их хурлаараа баталж Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. АН-ын дүрмийн өөрчлөлтийг намын их хурал шийддэг дүрэмтэй.

Энэ хоёр зөрүүтэй байр сууриас харахад хэн нь ч нөгөөдөө бууж өгөх шинж алга. Нөгөөтэйгүүр, энэ маргааныг нь хэн хагалах нь ч тодорхой бус байна. Учир нь, маргааныг таслах ёстой Улсын дээд шүүх нь ч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь ч өөр өөр тодорой бус шийдвэрүүд гаргаад байна. Төрийн байгууллагын тодорхой бус шийдвэрүүд нь улс төрийн нэг намыг ийм хэмжээнд чадамжгүй болгодгийг харлаа. Гэхдээ энэ бүхэн өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана гэдгийн л үлгэртэй төстэй юм. Юу гэхээр аль ч намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч улс төрийн намын гишүүнчлэлээс татгалздаг. Энэ нь нийт ард түмний эрх ашгийг хамгаалахаас нэг намын төлөө ажиллаж болохгүй ээ л гэсэн үг. Гэтэл АН-аас нэр дэвшиж сонгогдсон сүүлийн хоёр Ерөнхийлөгч ямар нэгэн байдлаар төрийн бүтцээр дамжуулж нөгөө намдаа хориг саад тавих гэж оролдсон гэж олон нийт үзсээр ирсэн. МАН-ын хуваагдлын үеэр МАХН гэсэн нэрийг Н.Энхбаярт өгүүлсэн гэгддэг. Х.Баттулгын тухайд Ерөнхийлөгчийн институцийн нэрийн өмнөөс МАН-ыг татан буулгах санаачлага гаргасан нь ч үүний нэг баталгаа билээ.