Хятадууд хадны мангаа биш мөнгө

Монгол Улсын хөгжилд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол мөнгө, сэтгэл. Олсон, зээлсэн мөнгөө улсаа бус хувиа бодсон дарга нар нь хувьдаа завшаад дуусгах нь. Дарга нар ядаж ялд унахаас эмээхгүйгээр улсынхаа мөнгөнөөс хумсалдаг шигээ улсдаа мөнгө олох шийдвэрийг зоригтой гаргадаг баймаар байна. Тэгэхгүй бол бахь байдгаараа л байх нь. Эрсдэлээс айхгүйгээр казино байгуулах, үгүй ядаж өмнө нь ярьж байсан Бооцоот морин уралдааны тухай хуулиа батлах, хил орчмын аялал жуулчлалыг нээх гэх мэт шийдвэрүүдээ гаргах нь чухал. Тиймээс энэ удаад хил орчмын аялал жуулчлалыг нээх асуудлыг онцлон хүргэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Бид далайд гарцгүй ч хүн далайд гарцтай. Тиймээс экологийн цэвэр хүнсний эх орон болж хүнсээ экспортлох ёстой” хэмээн хэлж байлаа. Хүнсний эх орон болоход хугацаа их орох бололтой. Одоогийн байдлаар хүн далайг хүнсээр хангах нь байтугай өөрсдөө тэндээс авсаар байна. Заримдаа бүр авч ч чадахгүй сууна. Хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, хүн далайг хүнсээр хангахын оронд тэндээс “хүн экспортлох” нь илүү амархан мөнгө олох арга болоод байна. Харамсалтай нь манай улстөрчид хил орчмын ялал жуулчлалыг мөнгө олох боломж бус эрсдэл гэж харж байгаа нь харамсалтай. Хил орчмын аялал жуулчлалыг нээж БНХАУ-ын иргэдийг хил орчмоор өдрөөр аялуулахад ямар ч эрсдэлгүй. Олон нийт ч хятадуудыг хадны мангаа гэж харахаа болих хэрэгтэй. Тэд бол мангаа биш мөнгө.

Уг нь манай улс 2015 оноос хил орчмын аялал жуулчлалыг нээж Замын-Үүд, Бичигтийн боомтоор хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхээр нэвтрүүлж байлаа. Тэр жилдээ Замын-Үүдийн боомтоор өмнөх оноос 2.5 дахин илүү буюу 13914 хятад жуулчин авч байжээ. Гэвч 2016 онд АСЕМ-аар далимдуулан хил орчмын аялал жуулчлалыг зогсоосон. Дорноговь, Сүхбаатар аймгийн Засаг дарга нар тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд албан бичиг илгээж хил орчмын аялал жуулчлалыг нээж өгөхийг хүссэн. Гэвч сонгууль ойртсон байсан учраас Засгийн газар болгоомжилж нээхээс татгалзсан юм. Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өдөртөө ороод гардаг хил орчмын аялал жуулчлалыг сэргээх гэсэн боловч “Хужаа нарыг хилээр визгүй оруулах гэлээ” гэсэн шүүмжлэлээс айгаад хойш тавьсан.

Харин одоо хойш нь тавих, айх цаг биш. Мөнгө олох боломжийг ашиглах л ёстой. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал хил орчмын аялал жуулчлалыг нээх нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал

Монгол Улсад аялах Хятадын урсгалыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрэн нээлттэй байгаа. Үүнд чиглэсэн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэн ажиллахад бүх талаар дэмжин ажиллана.

Элчин сайд Т.Бадрал жилийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай уулзахдаа илэрхийлсэн дээрх байр сууриа саяхан Б.Бат-Эрдэнэ сайдтай уулзахдаа ч хэлсэн юм. 

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага 2020 онд “Дэлхий даяар жилд жуулчилж буй 1.6 тэрбум жуулчдын 17 хувь нь хятад жуулчин” гэж мэдээлж байлаа. Манай улс жилд нэг сая жуулчин авдаг болох зорилт дэвшүүлсэн. Гэтэл бидний энэ мөрөөдлийн тоог Эрээн хот 2017 оноос хойш дотоодоосоо авч эхэлжээ. Нэгэнт Эрээнд ирсэн жуулчид Монголыг үзэх сонирхолтой байдаг ч тэдний хүслийг бид хязгаарлажээ. Хил орчмын аялал жуулчлалыг нээсэн 2015 онд өдөрт хамгийн ихдээ 600 жуулчин Замын-Үүдээр орж ирсэн байна. Нэг жуулчин өдрийн аялалдаа дунджаар 700 юань үрдэг гэсэн тооцоолол гарчээ. Тэд манай улсаас махан бүтээгдэхүүн, борц, сүү бас зөгийн балыг ихэд сонирхон худалдан авдаг байжээ.

Монголчууд, дэлхий нийт үргэлж цар тахалд дарлуулахгүй. Нэг л өдөр одоогийн саад бэрхшээл ард үлдэнэ. Тэр цагт хил орчмын аялал жуулчлалаа нээе. Хил орчмын аялал жуулчлалыг нээлээ гээд бүх боомтоороо жуулчин оруулна гэсэн үг биш. Заасан тодорхой боомтоор орж ирсэн хүмүүст нутгийн гүн рүү зорчих, хонох эрх олгохгүй байхаар зохицуулахад л болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хил орчмын аялал жуулчлалыг нээх оролдлого хийхдээ эхний ээлжинд Замын-Үүд, Сүмбэрийн боомтоор жуулчдыг оруулна гэж тооцож байжээ. Замын-Үүд бол дэд бүтэц сайтайгаас гадна жуулчид хүссэн зүйлээ худалдан авах боломжтой газар. Сүмбэрийн боомтын тухайд урд Хянган аймгийн Рашаан хот хэмээх амралт, сувилал, аялал жуулчлалын хот бий. Энэ хотод Хятадын дотоодын жуулчид нь олноороо ирдэг бөгөөд жилд гурван сая жуулчин авдаг гэсэн мэдээлэл байна. Тэнд ирсэн жуулчид Монгол Улс руу жуулчлах боломжгүй учраас 50 юань төлөөд Монголын нутгийг дурандах үйлчилгээ авдаг ажээ. Рашаан хотод ирээд 50 юаниар Монголыг дурандчихаад буцаж байгаа жуулчдыг нэг өдрөөр хүлээж авбал тэд манай улсад лав 500 юань зарцуулна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл