Ирвэс чухал уу, мал чухал уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг нэг асуудлыг хөндлөө. Тэрээр “Тойрогтоо ажиллаж байхад Өвөрхангай аймгийн Богд, Баруун Баян-Улаан гээд аймгийн төвөөсөө 200 км алслагдсан говийн сумын иргэд нэг зүйлийг их ярьж байна. Ялангуяа Богд сумын иргэд энэ асуудалд санаа зовж байгаагаа хэлсэн. Энэ бол Улаан номд орсон цоохор ирвэс маш ихээр өсөж байгаатай холбоотойгоор малчдын мал руу дайрч байгаа асуудал. Говийн аймгуудад уул уурхайн олборлолт ихээр явагдаж байгаа учраас дайжаад ирж байж магадгүй. Улаан номд орсон амьтан учраас айлгаж, үргээж болдоггүй. Хүнээс айхаа ч болсон амьтан гэж байна. Малчдыг өөрсдийг нь айлгаж, мал руу нь дайрах тохиолдол ихэссэн байна. Тойрогтоо очих болгонд "Ирвэсээс болж малын зүй бус хорогдол маш ихээр нэмэгдэх боллоо" гээд малчид гомдоллоод байх юм. Ховордсон ан амьтнаа хамгаалах нь зөв байх. Гэхдээ малчны амь насыг хамгаалах, малыг нь зүй бусаар хоргодуулахгүй байх чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ” гэсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ түүний асуултад хариулахдаа “Улаан номд орсон ирвэс болон бусад ховордсон ан амьтныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн нутаг дахь зарим хариуцлагагүй уул уурхайн олборлолтоос болоод ховордсон ан амьтдын маань амьдрах орчин нь хумигдаж БНХАУ-ын нутаг руу шахагдах нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Ерөнхийлөгчийн санаачилгаар ховордсон ан амьтнаа хамгаалах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт манай яамнаас орж ажиллаж байгаа. Ховордсон ан амьтныг нутагшуулах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг манай яамны төсөвт тусгасан. Энэ хүрээнд зарим ан амьтныг байгалийн тусгай хамгаалалттай газарт шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ ажлын хүрээнд тодорхой зохион байгуулалт хийе” гэсэн юм.

Эндээс Улаан номд орсон ирвэс чухал уу, малчдын амьдралын баталгаа болсон мал чухал уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

Төв Азийн 12 оронд цоохор ирвэс байдаг ажээ. 2021 оны байдлаар манай улсад 953 цоохор ирвэс бий гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Цоохор ирвэс нь эзэмшил нутгаа тогтоон, амьдралынхаа ихэнх хугацаанд ганцаар амьдардаг. Хоёр жилд нэг удаа 2-4 гүем төрүүлдэг бөгөөд гүемүүд нь эхтэйгээ 1.5-2 жил амьдраад, эзэмшил нутгаа олохоор ууланд, эсвэл уулс хооронд тэнүүчилдэг байна. Ихэнх тохиолдолд эр ирвэсийн эзэмшил нутаг эм ирвэсийнхээс том ажээ. Цоохор ирвэс өндөр уулын экосистемийн гол махчин амьтан. Тухайн ууланд ирвэс байх нь уулын экосистем эрүүл, унаган төрхөө хадгалж байгаагийн нотолгоо болдог гэж биологчид үздэг байна. Ирвэс байхгүй бол өндөр уулын өвсөн тэжээлт амьтдын тоо толгойн зохилдлого алдагдаж, уул хэт талхлагдан, хөрсний элэгдэл ихсэх зэргээр унаган төрх, экологийн хувьд тааламжгүй нөхцөл үүсэхийн дохио аж.

Монгол Улсад 180 мянга орчим малчин өрх байгаа бөгөөд энэ  нь нийт хүн амын 30 гаруй хувь юм. Эдгээр малчдын амьдрал, эдийн засаг, санхүүгийн баталгаа нь мал. Тэд малынхаа үр шимээр амьдралаа залгуулдаг. Малчид ган, зудад малаа алдахаас гадна цоохор ирвэсэнд малаа идүүлэх тохиолдол ихэсжээ. Нэг хонь, ямаа идүүллээ гэхэд тухайн малчин зах зээлийнхээ ханшаар 150-200 мянган төгрөгөөр хохирно. Цоохор ирвэстэй бүс нутгийн иргэд ингэж малаа идүүлж, эдийн засгийн алдагдалд орохыг зүгээр хараад суух уу. Ямартай ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үүний эсрэг тодорхой зохицуулалт хийнэ гэдгээ хэллээ.