Одоо л салаавчаа гаргая!

Монголчууд инфляцад нэг халаасаа, ханшийн зөрүүнд нөгөө халаасаа тэмтрүүлсээр удлаа. Үнэндээ бидний халаасанд салаачвтай хоёр гар л үлдэх нь...

1.

Арваад жилийн өмнө юмдаг, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад эмч Б.Болдсайхан, “Хас”-ын гэх Ч.Ганхуяг тэргүүтэй хүмүүс Төрийн ордон руу салаавч гаргаж байлаа. Төгрөг үнэгүйдэж, доллар галзуурч байгааг салаавчаар эсэргүүцсэн нь тэр л дээ. Инээдтэй нь тэр үед долларын ханш дөнгөж 1700 төгрөг л давж байв. Тэгвэл өнөөдөр нэг нь 3000 монгол төгрөгтэй дүйж очиж буй ам.доллар олдоц ч үгүй болтлоо ховорджээ. Өнгөрөгч баасан гарагаас эхлэн “Найман шарга” валют арилжааны төв дээр ам.долларын эрэлт үүсэж, арилжааны банкууд ч долларын гүйлгээнд хязгаарлалт хийсэн мэдээлэл түгэв. Зарим хэвлэлээр АНУ, Европын холбооны хоригт орсон оросууд Монголоос ам.доллар зөөж буй тухай ч барим тавим нийтэлж эхэллээ. Үнэн эсэхийг нь мэдэхгүй ч ам.долларын ханш өсөж, олдоц буурсан нь бол баталгаатай үнэн. Энэ үнэн импортлогч орны хувьд гарцаагүй гамшиг!!!

Уул уурхайг эс тооцвол Монгол Улс импортын хараат. Захын дэлгүүрээр шагайхад импортын бараа овоолгоостой байхаас үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн хуруу дарам цөөн. Бидний эдэлж хэрэглэж буй бүхэн, өмсөж буй бүхэн, идэж байгаа бүхэн бараг бүгд бусад улсад үйлдвэрлэгдэж байгаа. Ийм нөхцөлд ханшийн савалгаа бол салаавч гаргахад ч багадах зүйл. Даалууны схемийн оройд доллар байдаг гэхээр одоо л салаавчаа гаргахгүй бол оройтож мэдэх нь. Оройтсон байхыг ч үгүйсгэхгүй.

Ханшийн зөрүү бидний нэг халаасыг тэмтэрч байхад, инфляц нөгөөг нь ухсан өдөр хоногууд үргэлжилсээр байвал удахгүй монголчуудын халаасанд салаавчилсан хоёр гар л үлдэх нь...

2.

Монголчууд яагаад ч юм бүү мэд америк долларыг “ноён” гэж ярьдаг. Ноён хэмээх энэ үг нь одоо жинхэнэ биеллээ олж Монголын эдийн засагт ам.доллар ноён суучихлаа. Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүд түүнээс хамааралгүй зүйл гэж алга. Тэр үнэхээр ноёрхлоо тогтоож байна. Бид шатахууны үнэ нэмэгдэхээр бүх юмны үнэ нэмэгддэг гэж ярьдаг. Гэвч үнэндээ тийм биш. “Ноён доллар”-ын ханш шатахуунаас ч илүү их зүйлд нөлөөлж байна. Манай улсад идэж уух, өмсөж зүүхээс эхлээд түүгээр худалдан авдаг зүйлс хэмжээлэшгүй их. Харин гадаадад зарж “ноён доллар”-ыг нутагшуулах зүйлс цөөхөн. Уул уурхайн түүхий эд, ноолуур, за тэгээд л боллоо. Товчхондоо бид “ноён доллар”-ыг олохоосоо үрэх нь их учраас ноён суучихаад байгаа нь энэ. Түүний үнэлгээ 3000-ын босгыг хэдийн давчихлаа. “Ноён доллар”-ын үнэлгээ ийнхүү өсөж байгаа нь нөөц хомсдож байгаатай холбоотой. Он гарснаас хойш гадаад валютын нөөц огцом буурч байгаа талаар Монголбанкнаас мэдээлсэн. Бид 2022 оныг 4.3 тэрбум ам.долларын нөөцтэй угтсан бол одоо 3.5 тэрбум хүртлээ буурчихаад байна. Ийнхүү гадаад валютын нөөц буурч байгаа шалтгааныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлахдаа “Цар тахлын дараа эдийн засаг сэргэж үйлдвэрийн орц, түүхий эд, машин тоног төхөөрөмжийн импорт нэмэгдсэн, нефтийн үнэ өссөн зэрэг нь гадаад валютын нөөц буурахад нөлөөлж байна. БНХАУ "Тэг ковид" бодлогыг баримталснаар хил хаалттай болж, экспортын хэмжээ багасаж байна. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр байгаа ч хилийн асуудлаас болж бид нүүрс, зэсээ зарж чадахгүй байна” гэсэн юм.

Манай улс нүүрс, алт, зэс, ноолуур гээд гадаадад гаргаж болох бүхнээ зарж “ноён доллар”-ыг номхруулж авах хүсэл их байвч, хясал нь түүнээс их. Гадаадаас авсан зээлүүдийн хүү, үндсэн төлбөр нэхэгдэж, бас нэмэгдэж “ноён доллар” нутаг буцах гэж сандаргана. Хэдхэн хоногийн өмнө Үндэсний статистикийн хорооноос нэгэн таагүй мэдээ дуулгалаа. Тэр нь манай улсын гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн тухай мэдээ. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2021 онд нэг тэрбум ам.доллараар нэмэгдэж 33.1 тэрбум ам.долларт хүрчээ. 2020 онд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж байв. Түүнтэй харьцуулахад харьцангуй гайгүй гэж тайвширч болох ч үйлдвэрлэгч бус, экспортлогч бүр биш орны хувьд гадаад өрийн хэмжээ нь жил бүр 1-1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ гэдэг мэдээж таагүй. Энэ бол нөгөө асар их өр гэж “айлгаад” байдаг “Чингис” бондтой дүйх хэмжээний доллар. Уг нь манай улс гадаадад зах зээлд бонд босгохоосоо өмнө улсынхаа нийт өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тодорхой хувьд хязгаарлан барьдаг байлаа. Гэвч булган сүүлтэй бондуудынх нь өр талийхтай зэрэгцэн зөвхөн Засгийн газрын өрийг л дотоодынхоо нийт бүтээгдэхүүнтэй уялдуулан хуульчлах болсон. Энэ тооцооллоор бол Засгийн газрын гадаад өр нийт өрийн 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.долларыг эзэлж байна.

2020 он                                 2021 он

Нийт өр:                                           32 161.9 сая $                      33 190.5 сая $

Засгийн газрын өр:                     8 650.2 сая $                        8 482.6 сая $

Төв банкны өр:                             2 219.7 сая $                        2 561.8 сая $

Арилжааны банкуудын өр:      1 631.4 сая $                        1 651.3 сая $

Бусад салбарын өр:                    8 254.2 сая $                        8 222 сая $

Компани хоорондын зээл:       11 406.4 сая $                      12 272.8 сая $

2021 оны жилийн эцсийн байдлаар 33 тэрбум 190.5 сая ам.доллар байсан Монгол Улсын гадаад өр одоо ч улам нэмэгдсээр л... Бүр өдөр өдрөөр нэмэгдэж байгаа. Учир нь, манай улс он гарснаас хойш томоохон хэмжээний өр дарах төлбөр хийгээгүйгээс гадна өдрөөс өдөрт үнэ нь өссөөр буй “ноён доллар” Монгол Улсын гадаад өрийг нэмсээр байна. Өнгөрсөн хугацаанд ханшийн зөрүүнд хэчнээн их долларыг нутаг буцааж алдагдал хүлээснийг бодоход хүрэл зүрх ч хайлна.

Эдийн засагч Б.Лакшми

Валютын нөөцөд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь гадаад өр. Гадаад өр, бондыг эргэн төлөхгүй, зөвхөн хүүг нь төлж явсаар үндсэн төлбөрөө төлж чадахгүй байна. Тиймээс дахин санхүүжилт хийж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж байгаа. Зээл авч, бонд босгохдоо тэр мөнгийг ашигтай зүйлд зарцуулж эргэн төлнө гэж авч байгаа. Гэтэл бид зээл авчихаад зээлээ үр өгөөжтэй ашиглахгүй байгаа учраас зээлийг зээлээр төлж байна. Урт хугацааны алдагдсан боломж, гадагшаа хүүгийн төлбөрт урссан ам.долларыг тооцож үзэх ёстой.

3.

“Ноён доллар”-т дарлуулж гадаад өрөө төлөх нь байтугай эдийн засгаа тогтвортой байлгах ч хэмжээний валютгүй болчихлоо. 2020 онд Монголбанк эдийн засгаа тогтвортой байлгахад хэдий хэмжээний валютын нөөц хэрэгтэйг тооцоолоод зургаан тэрбум ам.доллар гэж үзсэн юм. Тэгэхээр одоо байгаа 3.9 тэрбум долларын нөөц нь эдийн засгаа тогтвортой байлгахад ч хангалтгүй. Азаар манай улс энэ онд ямар нэгэн бондын томоохон өр төлбөр барагдуулах хуваарьгүй. Харин ирэх жилүүдэд их хэмжээний бондын төлбөр төлөх ёстой. 2023 онд л гэхэд “Гэрэгэ” бондын 800 сая, “Самурай” бондын 500 сая ам.долларын өр төлнө. Хангалттай хэмжээний валютын нөөцгүй, “Эдийн засгаа яажшуухан тогтоон барья даа” гэж буй улс ийм их хэмжээний өрийг төлөх боломжгүй. Тиймээс дахиад л өрийг өрөөр төлөхөөс өөр арга замгүй. Эрх баригчид ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа нь УИХ-ын дарга Г.Занданшатарын хаврын чуулганыг нээж хэлсэн үгнээс харагдсан юм.   

УИХ-ын дарга Г.Занданшатар

Дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй болж, ирэх жилүүдэд Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрийн удирдлагын төлөвлөгөөг УИХ-аар яаралтай хэлэлцэн, батлах шаардлагатай байна.  Сүүлийн 14 жилийн 12 жилд нь манай улсын төсөв, төлбөрийн урсгал тэнцэл хос алдагдалтай байснаар өр нэмэгдэж, валютын ханш өсч, төгрөг үнэгүйдэж, үнэ ханш буурах биш, өсөж байна.

Нэг дор их хэмжээний өр төлөх боломжгүй учраас дахин зээл авч өмнөх зээлээ дарахаас өөр ямар ч сонголт байхгүй. Харин бидэнд итгэж, бага хүүтэй зээл олгох донор олно гэдэг хэцүү. “Зээл авч юу хийх вэ” гэхэд нь “Өмнөх зээлээ” төлнө гэж байгаа улсад зээл олгох итгэл буурна. Хүнээр төлөөлөхөд зээл авч зээлээ төлж байгаа хүн бол бүтэхгүй л гар шүү дээ. Манай улс 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг төлж чадахгүй дефолт зарлахдаа тулж байлаа. “Өрөө тэл эсвэл дефолт зарла” гэдэг сонголт л байсан юм. Тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан учраас бага хүүтэй зээл олдохгүй, эцсийн найдвар нь Олон улсын валютын сан байв. Тус сан манай улстай хамтран ажиллаж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө хэрэгжүүлж хүндрэлээс гаргаж байлаа. Ирэх онд гадаад өрөө төлж чадахгүй бол дахиад л дефолт зарлахдаа тулна. Хамгийн сүүлчийн найдвар бол Олон улсын валютын сангаас тусламж хүсэх. Гэхдээ тэд бидэнд дахин туслах уу гэдэг нь бас эргэлзээтэй. Гадаадаас авсан зээлээ үр ашигтай зарцуулдаггүй, Хөгжлийн банкаараа дамжуулан улстөрчдийнхөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд олгоод чанаргүй зээл болгочихдог улсад Олон улсын валютын сан ч итгэхэд хэцүү. Дээрээс нь 2017 онд тус сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахдаа тэднийг хуурсан нь ил болсон. Тодруулбал, Засгийн газраас 2016 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг Олон улсын валютын сангаас нууцалсан гэдгээ саяхан хүлээн зөвшөөрсөн юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүн тааруухан гарсан. Тэр үед манай улс Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орох хэлэлцээ хийж байсан. Тэр үед энэ дүгнэлтийг ил болгох нь хэлэлцээрт эрсдэл үүсгэхээр байсан учраас нууцалсан юм билээ" гэсэн юм. Х.Нямбаатар сайдын энэ мэдэгдэл Олон улсын валютын сангийнхны чихэнд хүрсэн л байж таарна. Ингээд бодохоор ирэх жилүүд хүндхэн байна. Ганцхан найдах зүйл байгаа нь төмөр замаа ашиглалтад оруулж, уул уурхайн түүхий эдээ их хэмжээгээр экспортолж ахиухан валют олох боломж ойртсоор байгаа явдал. Ингэж л “ноён доллар”-ыг номхруулж, гадаад өрөө барагдуулж эхлэхгүй бол монголчууд өдөр бүр ханшийн зөрүү, үнийн өсөлтөд халаасаа т

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл