Мэргэжлийн хяналтын шалгалтыг 2024 он дуустал зогсооно

Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байдаг. Энэ нь ч бодитой гэдэг нь судалгаагаар батлагдаж, олон жишээгээр нотлогдсон. Хяналт шалгалтын байгууллагуудын үйл ажиллагаа нь бизнес эрхлэгчдэд дарамт үүсгэдэг учраас сонгуулиар зарим нам, эвсэл, нэр дэвшигч "Хяналт шалгалтыг бууруулна, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл заавал авахыг шаардаж дарамтлахаа болино" хэмээн амлаж байлаа. Засгийн газар үүнийг бодит ажил хэрэг болгохоор энэ сарын 11-нд Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл өргөн барилаа. Уг хуулийн төслийг УИХ өнөөдрөөс хэлэлцэж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын шалгалтыг 2024 он дуустал зогсоох хуулийн төслийг бүрэн эрхээр нь танилцуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 

ЗАРИМ ТӨРЛИЙН ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ 

1 дүгээр зүйл.Энэ хуулийн үйлчлэх хугацаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.1-д заасан мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага болон төрийн бусад байгууллагаас төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй. 

2 дугаар зүйл.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий байгууллага хийнэ. 

3 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан хяналт шалгалтыг хийхдээ үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид албан шаардлага хүргүүлнэ. Албан шаардлага нь зөвлөн туслах, сануулах шинжтэй байна.   

4 дүгээр зүйл.Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад энэ хуулийн 1 дүгээр зүйл болон 3 дугаар зүйл хамаарахгүй. 

5 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйл нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн хяналт шалгалт хийхэд хамаарахгүй.  

6 дугаар зүйл.Энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй.   

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.