Мэргэжлийн хяналтын шалгалтыг 2024 он дуустал зогсоох нь зөв үү, буруу юу?

УИХ Засгийн газраас өргөн барьсан Зарим төрлийн төрийн хяналтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Бизнес эрхлэгчдийг төрийн хяналт шалгалтаар дарамталдаг гэсэн шүүмжлэл гардаг. Үүнийг өөрчлөх зорилгоор мэргэжлийн хяналтын шалгалтыг 2024 он хүртэл түр зогсоох агуулгатай хуулийн төслийг УИХ-аас өргөн барьсан юм. Хуулийн бүрэн эрхээр нь танилцуулъя.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 

ЗАРИМ ТӨРЛИЙН ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ 

1 дүгээр зүйл.Энэ хуулийн үйлчлэх хугацаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.1-д заасан мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага болон төрийн бусад байгууллагаас төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй. 

2 дугаар зүйл.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий байгууллага хийнэ. 

3 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан хяналт шалгалтыг хийхдээ үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид албан шаардлага хүргүүлнэ. Албан шаардлага нь зөвлөн туслах, сануулах шинжтэй байна.   

4 дүгээр зүйл.Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад энэ хуулийн 1 дүгээр зүйл болон 3 дугаар зүйл хамаарахгүй. 

5 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйл нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн хяналт шалгалт хийхэд хамаарахгүй.  

6 дугаар зүйл.Энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй.   

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.  

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн зарим нь эсэргүүцэж, зарим нь дэмжиж байна.

Ц.МӨНХ-ОРГИЛ: -Ёстой сонин хууль оруулж ирэх юм. Сонсохоор их гоё. Үүнээс илүү популист хууль байхгүй. Бизнесүүдийг огт шалгахгүй юм шиг. Яг хэрэгжилтийг нь харвал төлөвлөгөөт шалгалтууд л байхгүй болж байгаа юм байна. Төлөвлөгөөгүй шалгалтууд нь бол хийгдэх юм байна. Тэр тусмаа матаасаар, гомдлоор хийгдэх шалгалтууд нь байж л байх нь. Матаас ирвэл төлөвлөгөөтэй, төлөвлөгөөгүй хамаагүй очоод шалгах юм байна л даа. Бид төрийн хяналт шалгалтыг эрсдэл дээр суурилна гэж өчнөөн ажил хийж, төсөл хэрэгжүүлсэн шүү дээ. Гэтэл энэ бүгдийгээ хаячихаж байгаа юм байна. Эрсдэл огтоос хамаагүй, матаас, гомдол ирэх л юм бол шалгах нь. УИХ зарим төрлийн хяналт шалгалтыг зогсоох төсөл оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэхдээ ингээд бүгдийг нь зогсоогоод хоёр нүдээ ухаад гаргаад тавьчихаарай гэж хэлээгүй. Эрсдэл дээр нь суурилаад салбар салбараар нь, шалгалт шалгалтаар нь оруулж ирээрэй гэсэн болохоос биш "Мэргэжлийн хяналт гэдэг бол бизнесийн дайсан юм байна. Тиймээс хоёр нүдээ ухаад тавьчих" гэж хэлээгүй. Гурван жилийн дараа гаргаж тавьсан хоёр нүдээ буцаагаад хийх нь. Энэ хооронд хүн үхвэл яах вэ. Эрсдэлтэйг нь мэдсээр байж энэ хуулийн дагуу шаардлага тавьж, шалгалт хийгээгүйгээс болоод тухайн аж ахуйн нэгж олон нийтийг хохироовол яах вэ. Хэн хариуцлагыг нь хүлээх юм. Мэргэжлийн хяналт хариуцлага хүлээхгүй ш дээ. Яагаад гэвэл УИХ гурван жил шалгалт хийж болохгүй гээд хууль баталчихсан юм чинь. Эрсдэлээ үнэлээд хамгийн эрсдэлтэй хэсгээ л шалга л даа. Химийн хорт бодистой ажилладаг аж ахуйн нэгж эрсдэлтэй. Гэтэл эрсдэлтэйг нь мэдсээр байж шалгахгүй суух юм уу. Энэ хооронд чинь хүн хордоод үхвэл яах вэ. Энэ хуулийн дагуу шалгалт хийгээгүйгээс болоод хүн хохирлоо гэхэд хохирлыг нь хэн барагдуулах юм бэ?

Х.НЯМБААТАР: -Төрийн 10 мянга орчим хяналт шалгалтыг эрсдэлээр нь ангилна гэвэл нэлээд хүнд асуудал үүснэ. Бизнесийнй үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж төрийн хяналт шалгалт хийгдэж байгаа учраас иргэдийг хохироохгүй, хяналт шалгалт хийгдэхгүй байгаа учраас хохирооно гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл, тусгай зөвшөөрөл аваад салбарынхаа хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Хохирол учруулбал буруутай этгээд нь хариуцлага хүлээж, хохирлыг нь барагдуулдаг тогтолцоотой шүү дээ. УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг бид Ц.Мөнх-Оргил гишүүний ярьж байгаа шиг гурилдаад оруулаад ирж байгаа юм биш. Тал талаас нь ярилцаад төрийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг ийм байдлаар зогсооё гээд хуулийн төслөө боловсруулсан. Эрсдэл гэдэг бол харьцангуй ойлголт. Эрсдэлд суурилсан үнэлгээ гээд хавтгайруулаад үзвэл төлөвлөгөөт хяналт шалгалтыг бүгдийг нь зогсоох боломжгүй юм билээ. Бүгд эрсдэлтэй.