Бүрэн эрхэт төлөөлөгч - Полпред

БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ - ПОЛПРЕД

1858 оны Айгуний гэрээгээр Амар мөрний сав газрыг Хятадаас Орост шилжүүллээ. Хар тамхины нэг, хоёр дугаар дайнаар Чин гүрэн бараг бүрэн сульдлаа. Англи, Францын цэрэг Бээжинг эзэлж Хятадад маш их мөнгөн торгууль оногдуулсан. Чухам энэ үед Манж Чин гүрний газар нутгаас булаах ажиллагаанд хойд хөрш нь ч идэвхийлэв. Энэ ажиллагааг гүйцэтгэсэн Николай.Муравьёв-Амурский (18091881) мөн Монголыг Оросын мэдэлд авъя гэсэн саналаа албан ёсоор Санкт-Петербургт тавьжээ. 1860 онд Санкт-Петербургийн “Амар мөрний хороо” асуудлыг хойшлуулав. Харин тэр онд нь Хүрээнд Оросын анхны худалдааны пүүсийг ажилд оруулсан ба хойтон жил нь Оросын Консулын газар Хүрээнд нээгджээ. Анхны консул Боборыкин (1829-1904) Хүрээнд ганц жил болоод буцсан бол түүний дараа ирсэн консул Яков Шишмарёв (1833-1915) энд нийтдээ 46 жил ажилласан нь энэ төрлийн нэг аварга амжилт байлаа. 

1862 онд Амар мөрний хорооноос Монголын талаар хоёр дахь тогтоолоо гаргаж Орос ямар бодлого баримтлах ёстойг тодорхойлжээ

Оросын улс төрийн ба эдийн засгийн эрх ашиг хийгээд хуурай газрын хилийн аюулгүй байдлын үүднээс үзвэл энэ бүс нутагт өөрийн хуучин тогтнолоо олж авах явдал бидэнд хэрэгтэй байна. .. Манжийн эзэнт гүрэн унах үед энэ бүс нутагт байх манай идэвхжилийн зорилго Монгол ба Манжуурыг манай эзэмшлийн тусгаар газар болгож хувиргахад оршино…

Ингэж Орос улс Монголд албан ёсоор өөрийн төлөөлөгчийг суулгах болжээ.

1881 оны Санкт-Петербургийн гэрээгээр оросууд амжилтаа улам бататган бүх Монголд гаальгүй худалдааны эрх авсан төдийгүй “Хятадын Засгийн газартай ойлголцсоны үндсэн дээр хоёр орны худалдааг хөгжүүлэхийн тулд” өөрийн консулыг Улиастай, Ховдод нээхээр болжээ. Оросууд Консулын газраа Улиастайд 1905 онд, Ховдод 1911 онд тус тус нээсэн юм. 

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлахад Бээжинд сууж асан Оросын консул Иван Коростовиц (1862-1933) Хүрээнд ирж монголчуудтай гэрээ хийв. Тэрээр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, харин Монголыг Оросын ивээлд Хятадын сюзерэнд багтаах даалгавартай иржээ. Монголчуудаар буулт хийлгүүлсний дараа дээрх гэрээ бичгээ үзүүлэн Хятадад даралт үзүүлж 1913 онд Монголын талаар Хятад-Оросын тунхаглал гаргав. Ингэснээр Гурван талын гэрээ хийх үндсийг бүрдүүлэв. 1915 онд Хиагтад Гурван талын гэрээ хийснээр Коростовецийн зорилго бүрэн биелсэн. Гэрээг Оросын талаас консул Александр Миллер (1864-1940) удирдлаа.

1916 онд Хятадын тэргүүн Юань Шикай гэнэт үхсэн, 1917 онд Орост Октябрийн эргэлт болсоноор Монголын хойд ба урд хөрш аль алин нь иргэний дайнд автлаа. Энэ үед хүрээнд Оросын Ерөнхий консул нь Аркадий Орлов (1868-1928) гэгч байв. Тэрээр богинохон хугацаанд Оросын гурван төрийг Монголд төлөөлсөн хүн юм. Хаант Оросоос томилогдон ирээд 1917 оны хоёрдугаар сараас хөрөнгөтний бүгд найрамдах улсын Түр Засгийн газрыг төлөөлж байлаа. Октябрийн хувьсгалын дараа хэнийг, юуг төлөөлөхөө мэдэхгүй алмайрч байтал Оросын дүрвэгсдийн төв Парис болсныг мэдэгдсэн цахилгаан утас түүнд Бээжингээс иржээ. Ингэхээр нь Монголын ГЯЯ-ны сайдтай уулзан нэгэнт Гадаад Монгол нь Хятадын сюзерен учраас Орост хандахдаа Зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрөөгүй, Бээжингийн жишгээр явна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Тун удалгүй зөвлөлтүүд Монголын ГЯЯ-нд хандлаа. Зөвлөлт засгаас Монголд хандсан анхны энэ бичиг баримт Чичериний нэрээр иржээ. Тэрээр нэр заанХүрээнд ерөнхий консул А.А.Орлов, Хиагтад дэд консул В.П.Лавдовьский, Улиастайд консул А.А.Вальтер, Ховдод консул А.П.Хионин, Хатгалд консулын агент Кузнецов нарыг солих, Мөрөнгийн хүрээ, Вангийн хүрээ, Заяын шавь зэрэгт Зөвлөлт Оросын төлөөлөгч илгээхээр тусгасан байна.

1920 онд Холбоот Оросын Гадаад харилцааны ардын комиссариатын бүрэн эрхт төлөөлөгч гэгдэх Отто Макстеник Москвагаас Монголд суулгах Зөвлөлтийн анхны консул болохоор томилогдсон боловч Хүрээнд нэгэнт Колчакийн консул байсан учир түүнийг хилээр нэвтрүүлээгүй юм. Мань хүн хилийн хот Троицкосавскт албан контортой, Зөвлөлт Оросын тэрхүү албан байранд нь МАН-ын анхны хурал болж, чухам тэнд нь Монголын орогнолын Засгийн газар байгуулагдаж, тэнд нь Монголын хувьсгалт арми зохион байгуулагдаж, тэндээс Улаан цэргийг Монголд оруулах шийдвэр гарчээ. Тэрээр гол нь Монголд Зөвлөлтийн цэрэг нэвтрэн орох асуудлыг олон улсын хуулийн хүрээнд харагдуулах зорилготой. Унгернийг Монголоос хөөж гаргах, Холбоотон болох гоминьданы өмнөд хөршүүдээ гомдоохгүй байх, албан ёсны эрх барьж байгаа Бээжингийн эрх баригчдын зөвшөөрлийг авах, тусламж гуйж ирсэн монголчуудаар Монголд хувьсгал өрнүүлэх гэсэн асуудлуудыг нэгтгэн шийдвэр гаргах ёстой болжээ

1921 оны хоёрдугаар сарын 20-нд Троицкосавскт И.О.Макстеник, Чэнь И нарын хооронд хэлэлцээ явагдав. Унгернаас зугтан Хиагтад бөөгнөрсөн Хятадын дүрвэгчдийг АДБНУ-аар дамжуулан нутагт нь буцаах асуудлыг тохиролцжээ. Чэнь И-гээс Зөвлөлтийн төлөөлөгчдөд хандан: “Хэрвээ Зөвлөлт Орос хятадуудыг нутаг буцахад нь тусалж дүрвэгсдэд зам гаргаж өгсөн тохиолдолд энэ зун Монголын нутагт Унгерний эсрэг зэвсэгт тэмцэл хийх Улаан армийн ажиллагаанд Хятадын талаас ямар ч саад учруулахгүй” гэж амлав. Нэг үгэндээ Улаан арми Монголд нэвтрэхийг Чэнь И зөвшөөрчээ. 

1922 оны зун Зөвлөлт Оросын анхны консул Николай Любарский (1887-1938) Хүрээнд ирж суулаа. Энэ үед Зөвлөлт, Хятад хоёр Монголын асуудлаар Бээжинд хэлэлцээ хийж байв. Чухам энэ хэлэлцээний талаар албан болон албан бус чимээ ихээр сонсогдох болсон ба Любарский нь тэр болгоныг Монголын удирдагчдад үгүйсгэн тайлбарлаж байлаа.

Зөвлөлт засгаас Хүрээнд суух консулаар 1923 онд Алексей Васильев (1880-1941) гэгч томилогдон ирлээ. Тэрээр урьд нь Монголд цахилгаан мэдээний газар ажиллаж байгаад хөөгдсөн этгээд юм. Монголд 1923-1925 онд Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан А.Н.Васильеваас Нийслэл хүрээнд хэвлэгддэг орос сонинд өгсөн ярилцлагыг Хаалган дахь Америкийн Консулын газар бүрэн эхээр нь авч хөрвүүлэн АНУ руу илгээсэн баримтаас үзвэл зөвлөлтийн дипломатч А.Н.Васильев нь Монгол улсын тусгаар тогтнол, автономт эрхийн хооронд өнгөн талын ялгаа гэхээс зарчмын ялгаа байхгүй, монголчууд тусгаар тогтнолыг хүсэмжлэх цаг нь биш, гэхчлэн ярьсныг америкийн консулын газрын мэдээнд өгүүлжээ.

1924 оны 5-р сад Богд хаан гэнэт нас барахад Васильев “Та нар бүгд найрамдах засаг байгуулбал Коминтернийг баярлуулна” гэж хэлсний нөгөөдөр л МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар Монголыг бүгд найрамдах улс хэмээн зарлахаар шийдвэрлэв.

1924 онд МАН-ын III Их хурлын үеэр Коминтерний төлөөлөгч Ринчино, сайд Данзан нарын хооронд эвлэршгүй дайсагнал үүсэв. Үймээн дэгдэж Данзанг буудан хороожээ. Васильеваас их хуралд төлөөлөгчдөд тайлбарласан нь: Дэг журамгүй явдал мэдэгдмэгц нь бид эзэн хүний ёсоор засч залруулж дэг журмыг сахиуллаа. Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун… Олон хүнийг бүрэлгэхгүйн тулд нэг хоёр хүнийг тонилгох хэрэгтэй болдог. Та нарын хийсэн энэ үйл хэрэг Монгол-СССР хоёрын холбоо хэлхээг бэхжүүлэхэд дөхөм болж ач тусаа үзүүлнэ. 

Зөвлөлт Орос, дараа нь СССР ээс дипломат корпусуудыг Бүрэн эрхт төлөөлөгчийн газар гэж нэрлэж байхаар тогтжээ. Мөн ийм нэрээр Холбооны улсад суух Москвагийн төлөөлөгч, тусгаар тогтнолоо олоогүй хөрш онуудад суух төлөөлөгчийг зэрэг дэвээс нь үл хамааран бүгдийг хуугаар нь Бүрэн эрхт төлөөлөгч (Оросоор товчлоод ПОЛПРЕД) гэж нэрлэнэ. Тэдгээр нь эхэндээ Москваг төлөөлөхөөс гадна Коминтернийг хариуцаж байлаа. Ийм нэрээр мөн Зөвлөлтийн төрийн тусгай байгууллагыг төлөөлөх хүмүүсийг ч нэрлэнэ. Ялангуяа үүнд хүчний болон нууц цагдаагийн газрын төлөөлөгч ажилтан багтана. ЧК, ГПУ, ОГПУ, НКВД зэргийн ийм нэртэй төлөөлөгчийг олон газар суулгаж байлаа. Консул Васильевийг Бүрэн эрхт төлөөлөгч гэж албан ёсоор нэрлэх боллоо. Тэрээр мөн Коминтернийг төлөөлөх болов.

1925-1927 онд Улаанбаатарт сууж байсан Бүрэн эрхт төлөөлөгч Петр Никифоров (1882-1974) 1928 онд болсон төрийн эргэлтийг гардан зохион байгуулсан. Намын VII их хурлаар Монголын бүх удирдлагыг зайлуулж “Худонская фракция” гэгдэх залуусыг нам төрийн удирдлагад тавьсан. Үүний дараа Бүрэн эрхт төлөөлөгч болсон Андрей Охтин (1891-1938) Монголд коммунизм байгуулах туршилтыг удирджээ. Сүм хийдийг хааж, лам нарыг шар шувтлуулж, чинээлэг иргэдийн хөрөнгийг хурааж, хамтрал хомоон байгуулжээ. Үр дүнд нь ардын бослого гарч иргэний дайн дэгдсэн. 

1933-1935 онд Бүрэн эрхт төлөөлөгч Сергей Чуцкаев (1876-1944) Монгол төрд төдийлөн үүрэг гүйцэтгэж чадаагүй шалтгаан нь Ерөнхий сайд Гэндэн аж. Тэрээр төлөөлөгчийн байтугай Кремлийн үгийг сонсдоггүй байсан. 1935 онд цэргийн тагнуулын мэргэжилтэн Владимир Таиров (1894-1938) ирлээ. Тэрээр Монголд ирүүтээ л Японы тагнуулын сүлжээ гэгчийг илрүүлэх ажилд оров. Хожим болсон их хядлагын бэлтгэлийг тэр биечлэн гүйцэтгэсэн юм. Японы тагнуул илрүүлэх ажиллагаа түүний үед эхэлж зөвхөн 1935-1936 онд 240 “япон тагнуул” илрүүлэн устгажээ. Тэрээр мөн Монгол-Манжгогийн хилийн зурвас гэдгийг шинээр зохиосон. Үүгээр хожмын Халх голын мөргөлдөөний суурийг тавьсан юм. Ерөөсөө ч тийм даалгавартай байсан.

Монголд нийтийг хамарсан цуст хядлага явуулах даалгавартайгаар Сергей Миронов (1894-1940) Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон 1937 онд Улаанбаатарт ирлээ. Тэрээр ирэх замдаа Эрхүүд маршал Дэмидийг тосон авч хордуулан устгаснаар ажлаа эхэлсэн. Монголд томилогдохын өмнөхөн Баруун Сибирьт НКВД-ын даргаар ердөө гуравхан долоо хоног ажиллахдаа 25 мянган хувьсгалын эсэргүү илрүүлж 12 мянгыг нь буудан хороосныг Москва өндөр үнэлэн ажлыг нь “Сибирийн туршлага” гэж нэрлээд орон даяар нэвтрүүлэх болжээ. 

Моронов Монголд ердөө хэдхэн сар “ажилласан”. Энэ богино хугацаанд энэхүү аллагын машин Монгол орныг цус нөжтэй нь хутган монголчуудын түүхэндээ үзээгүй их гамшгийг тарьжээ. Даалгавраа дэндүү сайн гүйцэтгэж сугаа хүртэл гараа цусанд дүрсэн эл яргачинг Москвад эргэж дуудаад хэсэг хугацаанд дипломат албанд зүтгүүлжээ. Монголд гаргасан их зүтгэлийг нь Зөвлөлт засаг өндрөөр үнэлж Лениний одонгоор энгэрийг нь мялаасан юм. 

Миронов үүргээ гүйцэтгээд буцахад ажлыг нь Михаил Голубчик (1906-1940) хүлээн авч эзэн суулаа. Тэрээр Монголын Ерөнхий сайдыг зайлуулах, улмаар баривчлах ажиллагааг яаравчлуулах даалгавартай иржээ. 1937-1938 онд М.И.Голубчик аллагыг биечлэн удирдсан. Чойбалсан түүнийг ирэнгүүт нь америк суудлын машинаар хөхиүлэн шагнасан байна. 1937-1938 онд л гэхэд 16 631 ламыг хоморголон баривчилж ихэнхийг нь цааш харууллаа[1]. Их аллагын удирдан зохион байгуулсан бүрэн эрхт төлөөлөгч Голубчик 1938 оны наймдугаар сард Москвад бичсэн тайландаа: 

…Толгой лам нарыг бараг бүгдийг устгалаа… Түрүүнд байсан 771 сүм хийдээс энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар 615-ыг нь үнсэн товрог болгосон. Одоо ажиллаж байгаа сүм 26. 85 мянган лам хуврагаас одоо 17 338 хүн л ламд тооцогдож буй. Баривчилгаанд өртсөнөөс бусад нь лам өмсгөлөө тайлж хар болсон…

1939 оны гуравдугаар сард зүсээ хувиргасан чекист Иван Ивановоор (1906-1948) нэр муут М.Голубчикийг солилоо. Голубчикийг баривчлаад нутагт нь аваачаад буудчихсан. Иванов ирүүтээ намын дарга Лувсаншаравыг баривчлах ажлыг гардсан байдаг. Иванов ирүүтээ Чойбалсанг даргалж, Цэдэнбал гэх дотны найзтай болов. Сангийн сайд Довчин 1939 онд баривчилагдан буудуулсан тул Иванов Чойбалсанг шахан: “Техникумын хичээлийн эрхлэгчийг шууд намын ТХ-ны ерөнхий даргаар сонголтой нь биш, түрэгхэн шат ахиулах шаардлагатай байна” гээд Цэдэнбалыг сайд болгуулав. 1920-иод онд Ринчиногийн гүйцэтгэж байсан үүргийг энэ үед И.Иванов гүйцэтгэж байлаа. Тэрээр Монголд байсан бүх мэргэжилтэн, зөвлөх, сургагч, цэргийнхэн болон тагнуулынхныг атгадаг байжээ. Харин тэрээр монголчуудаас ганц Цэдэнбалтай туйлын дотно нэгэн. Залуу даргыг чухам тэр л архинд оруулжээ. Иванов Чойбалсанг шахаж Цэдэнбалыг НҮБ-ын хуралд суулгахаар болголоо. Ингэхийн тулд түүнийг Ерөнхий сайдын орлогч мяндагтай болгов.

1946 оны 2-р сарын 28-нд СССР улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, хоёр орон дидломат харилцаа тогтоосон учир Монголд байрлах Бүрэн эрхт төлөөлөгчийн газрыг Элчин сайдын яам болгон өөрчилж, Бүрэн эрхт төлөөлөгчийг Элчин сайд гэж нэрлэх боллоо. Анхных нь мөнөөх Иван Иванов 1946-1948 онд Элчин сайд гэж нэрлэгдэх болсон юм.

Элчин сайдаар Николай Важнов (1909-1993) ганц жил болохдоо хамаатныхаа хүүхнийг Цэдэнбалд эхнэр болгон шахав. Дараа нь ЮрийПриходов (1906-1989)гурван жил элчингээр ажилласан. Монгол улс нэгэнт “хөдөлгөөнгүй” бүрэн томоожсон учир үүнээс хойш хязгаар нутгийн намын ажилтныг шагналын журмаар Монголд элчингээр томилох боллоо. Туркмений намын ажилтан Георгий Иванников (1908-1959), Волгоградын намын ажилтан Василий Писарев (1900-1977), Буриад Монголын намын ажилтан Алексей Хворостухин (1900-1985), Үйлдвэрчний ажилтан Леонид Соловьёв (1906-1993), Эрхүүгийн намын ажилтан Семён Щетинин (1910-1975), Чита мужийн намын ажилтан Александр Смирнов (1912-1997), Челябинск мужийн намын ажилтан Константин Фомиченко (1927-2015), Кемеров, Эрхүү мужийн намын ажилтан Василий Ситников (1927-2016) гэх мэт. Эд ерөнхийдөө Монголыг социализм коммунизмын замаар алдаа эндэгдэлгүй явж буй эсэхийг, зөвлөлтөд хандах хандлагад үзэл суртлын алдаа гарч буй эсэхийг хянах үүрэгтэй байсан болов уу. Зарим нь бүр 10 жил болсон. Цэдэнбал хаана явна үргэлж дагаж явдаг хянагч ч юм шиг, бие хамгаалагч ч юм шиг элчин сайд нар байлаа.

Энэ хугацаанд тусгайлан үзэж болох гурван элчин сайд бий. Вячеслав Молотовыг (1890-1986) намын эсрэг бүлэглэлийн гэдэг шалтгаанаар намаас нь хөөж Монголд элчингээр илгээсэн. Хрущёвын хувьд энэ бол цөллөгт явуулж буй хүнд шийтгэл аж. Молотов ирэнгүүтээ хийсэн хэргээ цайруулж буй харагдахын тулд ямар ч үндэслэлгүйгээр Монголын газар нутгаас асар их газрыг нэхэв. Айлгах, доромжлох, сүрдүүлэх, боож хаах зэрэг бүдүүлэг шахалт үзүүлсээр нэхсэн газраа авсан. Сталин маягийн басамжлалаар хувь хүнийг болон улс орныг “байранд нь тавьж” доромжилдог арга барилаараа Монголын нэгдүгээр дарга Цэдэнбалын төрсөн бууц, газар нутгаа булаалгах гэрээнд гарын үсэг зурсан хоёрдугаар дарга Цэндийн төрсөн нутгийг булааж авсан нутагтаа хамруулав. “Яагаад гэвэл би монгол хүн” гэж гөжүүдлэн газраа өгөхгүй гэж гэдийсэн Гадаад яамны сайд Аварзэдийг огцруулж тээврийн жолооч болгосон доо. Гэхдээ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд Монгол улсыг нэгтгэх гэсэн Цэдэнбалын олон жилийн шургуу хүсэлт шаардлагыг зогсоосон буянтай. 1959 онд В.Молотов Цэдэнбалыг дагалдан Завхан аймагт явж байхдаа “Монгол улс СССР-ийн бүрэлдэхүүнд орно гэдэг цагийн хувьд эрт байна. Бид Казахстаныг авчихаад одоо болтол бүрэн эзэмшиж бараагүй явна. Танайхан удаа дараа хүсэлт тавьж буй боловч нэгдэх цаг нөхцөл үнэхээр хараахан бүрдээгүй байна” гэж учирлан ятгажээ.

Бага залуугаасаа Зөвлөлтийн дээгүүр алба хашиж ирсэн, олон удаагийн сайд Константин Русаковыг (1909-1993) социалист орнуудыг хариуцсан Төв хорооны нарийн бичгийн даргаар томилохын өмнө дадлага хийлгэж танилцуулах маягаар эхлээд Польшид, дараа нь Монголд богино хугацаагаар элчин сайдаар томилсон явдал бий.

Комсомолын дарга, дараа нь Биеийн тамирын хороон дарга хийж байсан СССР-ийн дээд ангиллын хүн болох Сергей Павловыг (1929-1995) 1983 онд Громыко гэнэт Монголд элчин сайдаар томиллоо. Олон жил дайсагнаж ирсэн Хятадтай эргэж сайдан харилцаагаа хэвийн болгохоор чармайж буй Брежневийн дараагийн удирдагчдын бодлогыг мэдрэл нь доройтсон Цэдэнбал ойлгохгүй эхнэрийн хамтаар Хятадын эсрэг элдэв явуулга хийх нь хэтэрч байлаа. Тэр үед Монголын гадаад бодлого “Хятадын аюул, үндэсний үзэл гэсэн хоёр заналыг сөрөх” гэсэн баримтлалд тулгуурлаж байлаа. Иймээс Цэдэнбалыг үтэр түргэн зайлуулах ажлыг газар дээр нь очиж гүйцэтгэх даалгавар Павловт өгчээ. Тэрээр өгсөн даалгаварыг амжилттай шуурхай гүйцэтгэсэн.

Монгол улсад Зөвлөлтийн болон Орос улсын Элчин сайдаар ажиллаж байхдаа урьдны Бүрэн эрхт төлөөлөгч шиг аашилж авирлан, суугаа орныхоо бодлогын эсрэг байр суурь баримтлан хорлох гэж оролдох, удаа дараагийн даралт шахалт ил далд үзүүлэх зэрэг үйлдэл хийж асан мөн гурван Элчин сайд ажиллаж байсны нэг нь дээр өгүүлсэн Молотов. 1990 онд Монголд ардчилсан тогтолцоо бий болсноор чиг хандлага өөр тийш эргэлээ. 1988 оноос Улаанбаатарт Элчин сайдаар ажиллаж асан Василий Ситников 1990 оны Монгол дахь өөрчлөлтийг яавч хүлээн зөвшөөрч чадсангүй. Эрхүү мужийн намын дарга асан тэрээр тэтгэвэрт гарахын өмнөх тайван амьдарлаа Монголд өнгөрөөх гэсэн боловч бүтсэнгүй. ЗХУ задарч Оросын Холбоо байгуулагдсанаар тэрээр ОХУ-аас Монголд суух анхны Элчин сайдаар томилогдож жил хүрэхгүй болоод буцсан. Хөөрхий минь, бүх насаараа нам гэж явсан тэрээр ер щрэн нэгэн онд эрх баригч МАХН-ы урдуур давхиж орон Монголын Ардчилсан хүчнийхэнтэй хүч бяраа үзэж явсан даа.

Путины дэглэм Украины улбар хувьсгалтай үзэлцэж, дараа нь Гүржид довтлон газар нутгаас нь хэсэглэн булааж авсан үеэс хойш ичих нүүргүй гүтгэгч, галзуу солиотой хүн үү гэмээр цовхчигсод, дипломат ёсыг нулимагсадыг Гадаад харилцааныхаа бүхий л салбарт тавих болсны хамгийн тод томруун дүр, инээдтэй галзуу аашаараа дэлхий даяар танигдах болсон Мария Захарова гэгч авгай юм. Ижил төстэй фигурантууд Оросын гадаад харилцааг энд тэнд төлөөлөх болсны нэг нь Монголд 10 жил Элчин сайдаар сууж буй нэгэн. Венийн гэрээ, Женевийн конвенцийг өөрт нь огт хамаагүй гэж үздэг тэрээр Алесей Васильеваас Иван Иванов хүртлэх бүх Бүрэн эрхт төлөөлөгчдийн авир аашийг дуурайж, өөрийгөө тэдний залгамжлагч гэж үздэг бололтой.

2022.3.27


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Баабар үнэхээр түүхийг баримт нотолгоотой логик сайтай нүдэнд харагдтал бичижээ яг л үнэн шдээ оросууд Монголыг маань олон жил доош нь хийж өөд гаргасангүй

    0 0 Хариу бичих
  2. Үнэхээр баримттай сонирхолтой сайхан бичиж, харин Оросын Тролуудын уурыг хүргэж баахан дайруулах нь дээ

    0 0 Хариу бичих
    • Баримт нь хаа байна малаа. Уншснаа ойлгохгүй, хамар дорр хагархай гэдэг шиг ярьдаг малууд. Чимэг зүүлт хийгээд, эшлэл хаанаас авснаа бичихийг баримт гэж үзнэ. Санаанаасаа зохиосон тул эшлэл алга. Түүхээ мэдэхгүй чам шиг малуудад түүхийг чинь баавар бичиж өгч байна. НҮБ-ын албан ёсэы аль нэг хэлээр бичигдсэн баримт чи харав уу. Хараад ч ойлгохгүй, эх хэлээ ч мэдэхгүй малууд. Америкийн боол байхдаа таарна.

      0 0
  3. novshiin kommunistuud..

    1 0 Хариу бичих
    • Чиний амьдарч буй газрыг коммунистууд чамд өвлүүлж үлдээсэн юм малаа. Өвөрмонгол эсхүл Бурят шиг болох аюулаас улаан, цагаан орос, милитарист хятадын дундаас их ухаан гарган авч үлдсэн. Чам шиг боловсролгүй ярьдаг малууд юунд ч хамаагүй итгэнэ. Микробиологич бааварт хэлэхэд энд тэндэхийн архивт олж уншсан дээрээ өөрийн дотор бгаа охорхон бодол янки төлөөлөгчийн үзлээ наахгүй бай. Монг олхүү шиг бууны нохойнуудаа дамжуулаад Оростой муудвал чиний америк ирж туслах уу? Бид энд хэдэн мянган жил амьдарч байна. Баавар нар тэр сайхан америктаа гараад зайлна. Бууны нохойгоо аваад яваарай

      0 1